Ө.Бат-Орших харцага түрүүлснээр чансааг тэргүүлж эхэллээ
Нэг аварга, таван арслан, гурван заан магнайлан барилдсаны дотор наадмаас хойш огт барилдаагүй Х.Мөнхбаатар арслан зодоглосон нь эхний сонин байлаа. Мөнхбат аварга хамгийн эхэнд давж тугаа тойрсон бөгөөд дөрвийн онолт дээр а.з Т.Түмэндэмбэрэл аваргыг нэлээд “зулгааж” барилдсаныг эс тооцвол шуурхай, дайчин барилдсаар их шөвөгт шалгарлаа. Харин их шөвөгт харцага Бат-Оршихтой нэлээд удаан барилдсаны эцэст барьц сонгуулаад хашиж мордоход нь бараг тэмцэлгүй унасан. Улмаар Бат-Орших харцага нутгийн арслан Батсуурьтай түрүү булаалдаж, давхар шуудагнаас мушгиж давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодорч 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа. Харцага тахиа жилд тун өнгөтэй байх бололтой. Дөрвөн барилдаанд барилдахдаа дөрвүүлэнд нь шөвөг алдсангүй.
Үзүүр бөхийн хувьд их шөвөгт Оюунболд арслантай ёстой л хүчээ “дуустал” барилдсан болов уу? Үндсэн цаг дуусч барьц сонголцсоноор эхлээд Оюунболд арслангийн талаар шоо бууж, барьц сонгоход Батсуурь зовлонгүй барьцыг задлав. Тэгээд өөрийн боломж дээр сугадсан барьцтай түрж хөөн мушгиж, давхар хутган давсан бөгөөд Оюунболд арслан “бариагүй байсан” хэмээн бага зэрэг маргах маягтай л байсан. Гэхдээ хөлийн цэцийн шийдвэрийг сонсонгуутаа шууд элэг бүсээ тайлан гүйж ирэн Батсуурь арсланд тахимаа өгөв.
Бат-Орших харцага Пүрэвсайхан заанаас даагаа амжилттай нэхлээ. Цагаан сараар тэдний барилдаан бас л янзтайхан болсныг үзэгчид санаж буй биз ээ. Энэ удаа харцага давхар шуудагнаас шахаж татангуут түрээд давна лээ.
Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн арслан Э.Ууганбаярт гардуулав.