Тансаг зэрэглэлийн орон сууц барина гэж иргэдээс 9 тэрбум төгрөг авчээ
“Luxury house and real estate” гэх компани тансаг зэрэглэлийн орон сууц барина хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилж авсан хэрэг гарчээ. Тодруулбал тус компани 2013 оноос эхлэн Улаанбаатар хотын дөрвөн байршилд тансаг зэрэглэлийн орон сууц барина хэмээн иргэдийн захиалгыг авчээ. Гэвч дөрвөн жил өнгөрчихөөд байхад нэг ч ширхэг тоосго тавиагүй байгаа аж.
Одоогоор тус компанид захиалга өгч хохирсон иргэдийн тоо 60 гаруй болсон байна.Харин нийт хохирлын хэмжээ нь 9 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэхдээ бэлэн мөнгөөр хохирсон нь 5 тэрбум харин үлдсэн дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий байр, машин барьцаалж гэрээ байгуулан хохирчээ. Ингэж иргэдээс захиалгыг нь авахдаа тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг макет үзүүлж, тэр ч бүү хэл өөр компанийн барьж байгаа хорооллыг үзүүлж захиалга авсан байна.
Улмаар хохирсон иргэд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан ч асуудлаа шийдүүлж чадаагүй байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Хохирогчдын ярьж буйгаар иргэдийг залилж, их хэмжээний мөнгө авсан тус компанийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч одоо хэр нь хуурч мэхлэх замаар иргэдийг хохироосоор байгаа аж.
Түүнчлэн энэ хугацаанд зарим хохирогч нарын нэхэмжлэлд иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч НШШГА-ны ажиллагаа удаашралтай явагдсанаас болж төлбөр төлүүлэх үйл ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд бусдад шилжигдэн төлбөр төлөгдөх боломжгүй болж байгаа юм байна.Үүнд эрүүгийн хуулийн 252.8 дахь хэсэгт заагдсан “Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийн Прокоурорын газарт хүргүүлсэнд хохирогчид гомдолтой байгаагаа хэлж байна.