Төрийн мөнгөөр туйлж л байг уу, Ерөнхий сайд аа

Эрдэнэт хотноо хоёр өдөр зохион байгуулж буй уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганд нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа аж. Өргөн бүрэлдэхүүнээр цуглаж хэлэлцэхийн гол зорилго нь шинээр боловсруулж буй Уул уурхайн хуульд санал оруулах явдал бололтой. Төвийн бүсийн чуулганы зохион байгуулах коммисын даргаар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажиллаж байгаа. Тэрээр “шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр төлөөлөгчдийг Эрдэнэтийн аль сайн гэх зочид буудалд байрлуулж, тав тухыг дээд зэргээр хангахын тулд мөнгө хайрлахгүй цацаж байгаа гэсэн. Хоёрхон өдрийн арга хэмжээнд тэрбум орчим төгрөг гэдэг арай л чанга уу, “гаагүү” юу?

Уг нь энэ мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр Эрдэнэтэд цэцэрлэг бариад өгсөн бол “Тансаг” Бадмаагийн унасан нэр хүндэд нэмэр болохсон. Эсвэл Ц.Ням-Осор даргынхаа буудлыг дүүргэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх тохироогоор төрийн мөнгийг тарааж цацах эрхээ олж аваа юу? Ерөнхий сайд нь нүүрээ улалзуулан байж хэдэн төгрөг олж ирдэг, түүнийг нь амьгүй албатууд нь ингэж гарын салаагаар урсгадаг жишиг тогтлоо шүү. Түүнийгээ шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдээс нууцаар, зөвхөн өөрсдийн сонгосон арваад хэвлэлийн байгууллагыг өндөр үнээр хөлсөлж авч явсан аж. Маргаашнаас эхлээд гэнэт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэрхэн цэцэглэн мандаж байгаа талаар магтан дуулсан мэдээллээр угжиж эхэлбэл та бүү гайхаарай.

 

Э.Бат
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button