Монгол Улсын энх тайван, эв нэгдлийг олон улс дүгнэнэ
Аливаа улс орны оршин тогтнох үндэс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэлтэй салшгүй холбоотой. Гэвч энэхүү эрх нь зөрчигдсөн, эв нэгдэл, шударга ёс, хууль дээдлэх ёсоо баримталдаггүй, эрх тэгш бус харилцаа хүн төрөлхтний дунд оршин тогтносоор л байна. Бидний өмнө урьд хожид тулгамдаж байгаагүй улс төрийн болон нийгмийн том сорилтууд тулгарч тэдний үр дагавар олон улсын төвшинд улам бүр гүнзгийрсээр бий. Санхүү, эдийн засгийн хямрал, байгаль орчны хямрал олон улсыг нөмөрч байна. Дэлхийн олон улс оронд ардчиллын хямрал гүнзгийрлээ. Дайн байлдаан ба үндсэрхэг үзэл олон оронд улс төрийн хэрэгсэл болон ашиглагдаж олон улсын хамтын ажиллагааны орон зайг булаасаар байна. Дээрх бүх асуудлуудад дэлхийн бодлого тогтоогчид санаагаа чилээсээр ирлээ. Түүнийг нэг нь социал демократ намууд, энэ чиглэлийн үзэл баримтлалтай олон улсын байгууллагууд юм.
Улс төр, энх тайван, ардчилал, хүний эрх, шударга ёс, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал салбаруудыг сонгон авч хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг дэлхийн социал демократ намууд болон байгууллагуудын дэлхийн сүлжээнээс “Дэвшилтэт Алиансе” байгууллагыг байгуулан эрчимтэй ажиллаж иржээ. “Дэвшилтэт Алиансе” байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө тэмцэж байгаа даян дэлхийн үзэл бодол нэгтэй, намын гишүүдтэйгээ эв санааны нэгдлээ бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч иржээ. Энэ хооронд “Дэвшилтэт Алиансе” нь 130 гаруй нам, байгууллагуудаар эгнээгээ тэлсэн байна.
“Дэвшилтэт Алиансе” хэмээх энэхүү дэлхийн сүлжээ нь улс төрийн нам бүрийн хичээл зүтгэл дээр тогтдог бөгөөд тэдний идэвх санаачилга ба төслүүдийн саналыг хамтран хэрэгжүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа нь явж байгаа билээ. Дэлхийн улс оронд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө социал демократ улс төрийн намууд, байгууллагууд хүчин чармайлт гаргаж байна.
Тэдний өмнө өнөөгийн эрин цаг үеийн сорилтуудад бодитой бөгөөд алсын хараатай хариултуудыг өгөх шаардлага тулгарч байгаа билээ. Илүү сайн, шударга нийгмийг байгуулах чигийг заах урт хугацааны стратеги ба концепцуудыг, улс төрийн үйл ажиллагааг алсын хараатай байлгах шаардлага тулгарсан.
Монгол Улс, манай улс төрийн ууган хүчин ч үүнд өөрийн хувь нэмэрээ оруулж байна. Монголд тун удахгүй хүн төрөлхтний, “Дэвшилтэт Алиансе” байгууллагын санааг зовоож буй дээрх асуудлаар олон улсын хурал зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хурлыг МАН энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34 улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдэгдсэн байна. Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал- жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг олон орны удирдагчид, улс төрийн томоохон хүчнүүд Монголд хуран чуулж, шийдлийг хайх юм. Үүнд Монгол Улс, МАН онцгойлон оролцож, байр суурь, үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх хийгээд энэхүү арга хэмжээг бүрэн зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүнчлэн олон улсын удирдагчид, улс төрийн хүчнүүд Монголын энх тайван, эв нэгдэл, шударга ёс, тогтвортой хөгжлийн асуудлаар мэдээлэл авах, туршлага солилцоно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын энх тайван, эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг олон улс нүдээр үзэж харна, дүгнэлт өгөх билээ.
А.Уян