А.Цогцэцэг сайд аа, эмчийн дүгнэлт хүлээж хүүхдээ харангадуулах хэрэг үү

“Та манай дүүргийн иргэн биш, таныг үзэхгүй”….Манай эрүүл мэндийн салбарын өнөөдрийн төрх ийм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт батлагдан гарсан Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу дөнгөж нярайлсан ээжүүд эмнэлгийн үүд царайчлан хүүхдэдээ сүү орлуулагч бүтээгдэхүүний жор бичүүлж авахаар дугаарлах нь. Тодруулбал, хуульд 0-6 насны хүүхдээ эх нь хөхүүлэх боломжгүй, хүүхэд нь эхийн сүүгээр хооллох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнийг хэрэглээд явахаар хуулийн төсөлд тусгажээ.

Гэвч сүү багатай, халдварт өвчтэй эхийн хувьд хүүхдээ нэмэгдэл тэжээл өгөхөөс аргагүй. Энэ тохиолдолд  долоо хоногт батлагдсан хуулийн дагуу эмчийн заавраар зориулалтын цэгээс 0-6 сар хүртэлх нэмэлт тэжээлийг очиж авна!!! Хамгийн хачирхалтай Эрүүл мэндийн яамнаас өргөн барьсан энэхүү хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд хоёр гараа өргөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт “Нийгэмд мартагдсан зарим зан үйлийг хуулиар зохицуулах ёстой. Одоо манай эцэг, эхчүүд бараг л ямар брэндийн сүүгээр хүүхдээ хооллож буйгаараа уралддаг болж. Эхийн сүүг орлуулах ямар ч бүтээгдэхүүн байхгүй. Дөнгөж төрсний дараа сүү муу баймагц манайхан шууд л сүү орлуулагч хэрэглэх гэдэг болчихож. Төрсний дараах нэг, хоёр хоногт хүүхэд уйлахад хөхөө навшуулж байгаад сүү оруулдаг байхгүй юу. Хүүхдээ уйлуулж байгаад ч хамаагүй хөхөө навшуулаад байвал сүү ордог юм” хэмээж байгаа харагдсан. Таны эргэн тойрны бүсгүйчүүд хүүхдээ ямар сүүгээр угжиж байгаагаараа уралддаг байж болох. Буруутгахгүй . Гэхдээ ээж бүр хүүхдээ эрүүл, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хооллохыг чухалчилдаг. Үүнийг брэнд өрсөлдөөн гэж дүгнэхэд эрт. Хүүхэд нь хоол нэхэн уйлж байхад хөхөөрөө хооллохгүй, орлуулагч өгнө гээд зогсох ээж ч хуруу дарам цөөхөн байх. Миний сонсож, үзэж харснаар ийм тохиолдол байгаагүй. Зайлшгүй буюу хөхөндөө цадахгүй, сүү орохгүй байгаа тохиолдлуудад хүүхдэд нэмэлт тэжээлээр хооллохоос өөр аргагүй.

Хэлэлцүүлгийн шатанд  УИХ-ын зарим гишүүн О.Баасанхүү “Хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг болохоос зан үйлийг оролддоггүй юм. Гэтэл эх, үрийн хоорондох зан үйлийг үүгээр зохицуулах гээд байх юм. Төрөлхөөсөө хөхний сүүгүй хүнд тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэг үү. Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу. Гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлдэггүй хүмүүс Барууны орнуудад л байдаг биз. Ингэж хууль хуулдгаа болих хэрэгтэй” гэдгийг сануулж байв. Эрэгтэй гишүүнээс ийм шүүмжлэл гарч байхад эрхэм эмэгтэй гишүүд эх үрийн харилцааг хатуу хуульчлахад санал нэгдэж байгаагаа хэлсэн. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хуульд хүүхдээ хөхөөр хооллох нь чухал гэдэг санаа агуулагдаж байгаад баяртай байна. Тухайн ээж хүүхдээ хөхүүлж чадахгүй зайлшгүй шалтгаантай байвал орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бусад тохиолдолд хөхөөр хооллох ёстой гээд хуульчлаад өгчихвөл хөхөөр хооллолт нэмэгдэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хуулийн төслийг дэмжиж байна. Эрүүл мэндийн яам ийм санаачлага гаргаж, хуулийн төсөл боловсруулж орж ирсэнд баяртай байна. Малын сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийдэг болохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаарай” гэсэн саналыг хэлж байв. Тэдний дэмжлэгээр А.Цогцэцэг сайдын оруулж ирсэн европ жишгийг нутагшуулах явуургүй хууль батлагдан гарлаа.

Мөн сүүлийн жилүүдэд хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Гэтэл хуульд бусад ээжүүдийн сүүг хадгалах банк байгуулах тухай тусгасан байна. Нэг үгээр сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх гэнэ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлажээ.  Нэг үгээр сүү ихтэй ээж сүүгээ худалдах “бизнес”-ийг  нь Эрүүл мэндийн яам дэмжин ажиллана. Энэ жишиг, энэ хууль мандан бадраг ээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button