Шүүхийн ажилтнууд чадвараа шалгуулж байна
Шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадварыг сорьсон уралдаан энэ өдрүүдэд болж байна. Уралдааны бүсийн шилдгүүдийг өнгөрсөн сарын 29 болон энэ сарын 11, 12-ны өдрүүдэд шалгаруулжээ.
Уралдааны нэгдүгээр шат буюу бүсийн шалгаруулалтад Монгол Улсын 40 шүүхийн тамгын газрын 601 албан хаагч эссэ бичих, сорилын шалгалт өгөх, бодлого бодох зэргээр өрсөлдсөн юм. Мөн центавр, албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзсан байна. Эдгээр шалгуураар шүүхийн захиргааны ажилтнууд есөн ангилалаар зургаан бүсэд хуваагдан өрсөлдсөн аж. Тэдгээрээс 84 албан хаагч шалгарч улсын уралдаанд оролцох эрхтэй болжээ.
Хоёрдугаар шат буюу шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаан энэ сарын 29-нд Улаанбаатар хотод болно.
Шүүхийн ажилтнуудын ур чадварыг сорих уралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүхийн захиргааны ажилтны холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм.