Амьтдад зориулж нэг тонн хужир тавьжээ

Зэрлэг амьтдын төллөх үе тохиож буйтай холбогдуулан Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас биотехникийн арга хэмжээ авчээ. Амьтдыг төллөх хугацаанд хоол тэжээлээр дутаахгүй, өсөж үржих таатай нөхцөлийг хангах нь уг ажлын зорилго аж. Энэ хүрээнд хамгаалалтын захиргааныхан Их газрын чулууны Ёрвонгийн арын энгэр, Баян уулын урд, баруун энгэр, Өнөр баянгийн ард гэсэн дөрвөн цэгт 1 тонн хужир тараан тавьсан байна. Биотехникийн арга хэмжээ үр дүнтэй, эсэхийг байгаль хамгаалагч нар эргэн шалгах гэнэ.

Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгч, сахалт багваахай, жижиг соотон багваахай гэсэн гар далавчтан, тас, тас бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор мэтийн жигүүртэн, аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай тэргүүтэй 20 гаруй төрлийн амьтан тус газарт амьдардаг байна.

Хамгаалалтын захиргааныхан биотехникийн арга хэмжээг тогтмол авч ирсэн бөгөөд үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сард идэвхтэн байгаль хамгаалагч иргэдтэй хамтран 1.5 тн хужир гараар бэлтгэж, зургаан цэгт тараан тавьжээ.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button