“Дунд хуруу”-тай Үндэсний зөвшилцөлд намын удирдлагууд ямар байр суурь илэрхийлэв

Өчигдрийн шуугиан тарьсан нэг зүйл бол Социал демократ намын дэд дарга бүсгүй Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчид “дунд хуруу” өгсөн үйл явц байв. Тэгвэл энэ үйл явдлын цаана ямар үйл ажиллагаа болж өнгөрөв.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд Үндэсний зөвшилцлийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Зөвшилцлийг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах вэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттай зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан” гэв. Үүний дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд оруулахаар бэлтгэж байгаа өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийж эхлээд байна. Тухайлбал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн дунд "Зөвхөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх биш нийт 76 гишүүний 4-ний 1 буюу 19 гишүүн дэмжсэн тохиолдолд Eрөнхий сайдыг огцруулах, "9 яамны нэрийг Үндсэн хуульд нэр заан оруулж, Засгийн газарт 3-4 яам үлдээх", "Баг, хороодын Засаг даргыг Сум, дүүргийн Засаг томилно" гэх зэрэг санал орж байгаа аж.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа эрдэмтэн мэргэд, улс төрийн намын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж юм. Тэрхүү ажлын хэсгийн боловсруулсан төслийг УИХ-аар  хэлэлцээд гишүүдээс 2/3 дэмжлэг авсан заалтаар ард нийтээс санал асуухаар төлөвлөж байгаа билээ.

Улс төрийн намын дарга, удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар саналаа дараах байдлаар хэллээ.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: Эхний ээлжид дордсон долоон өөрчлөлтийг буцааж татаад, өөрчлөх хэрэгтэй. Санал асуулга явуулсан гэж байна. Санал асуулгыг хууль зөрчиж явуулсан. Өнөөдрийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй, судалгаа байхгүй байна .  1992 онд баталсан Үндсэн хууль хамаг муу муухайн шалтгаан болох ёсгүй.

ТТЭН-ын Г.Уянга: Бид нийгмийг өөрчлөх гарцаагүй шаардлага байна. Хувьсгал гарцаагүй хэрэгтэй. Хувьсгалыг тайван замаар хийх үү? Гудамжны хувьсгал болгох уу? гэх эрх мэдэл энд байна. Гудамжны хувьсгал болгохгүйн тулд зөвшилцөл хэрэгтэй байна. Зөвшилцөл ийм маягаар явах юм бол гудамжны хувьсгал руу түлхэж байгаа юм. Ямар ч үндэсний зөвшилцлийг хоёр цаг нэг хүн таван минут үг хэлээд хийхгүй. Хоёр цагийн хугацаанд олигтой хуйвалдаан ч болж чадахгүй. 1992 оны Үндсэн хууль баталсан хүмүүсийн оролцоо байх ёстой. Гэхдээ зөвшилцөл зөвхөн энэ хүмүүсийнх байж болохгүй. Төр тулгамдсан асуудлаа шийдэх гэж өнгөц засвар хийх нь нийгэм ар түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй. Үндэсний зөвшилцлийг ямар аргаар хийх вэ? Гэдэг дээр саналаа хэлье. Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг өргөн хүрээнд бий болгох хэрэгтэй. 2020 оны сонгуулийг Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонгох сонгууль байя.

БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зоригоо: 1992 Үндсэн хуулийг хэдэн сум нэгдлийн дарга нар сууж байгаад гаргачихсан. Улс төрийн намуудыг ажлын хэсэг оруулбал зүгээр байсан юм болов уу? Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэц аливаа асуудлаар шийдвэр гаргадаггүй гэж байдаг  ч сонгуулийн хуулиар хоёр удаа шийдвэр гаргасан. Дандаа дарга нарын эрх мэдлийн тухай оруулсан байна. Монгол хүн, монголын газар нутгийн талаар яагаад оруулаагүй юм бэ? 

МҮАН-ын дарга Б. Цогтгэрэл: Ерөнхийдөө зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өөрчлөлт оруулна гэж олон жил ярьсан ч боломж нь бүрдээгүй байсан. Харин өнөөдөр боломж нь бүрдлээ. Засгийн газрын яамдын нэрийг заасныг санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн байна. Энэ зөв. Харин Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх асуудлыг дахин анхаарч, энэ асуудалд эрх баригч намынхан анхаарч ажиллах хэрэгтэй.

 Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хүний эрх, хувийн өмчид халдахгүй байх буюу Үндсэн хуулийн тулгуур зарчмыг өөрчлөхгүйгээр тодорхой сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулах хийхийг дэмжинэ. Эрх мэдлийн эрэмбэ, хот, орон нутгийн харилцааны талаар өөрчлөлтүүд орох ёстой гэж үзэж байна. Засгийн газрын үндсэн чиглэлийн таван яамыг нэрлэх нь зөв. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ улс орныг удирдах асуудлаар янз бүрийн зөвлөлдөх санал асуулга явуулж болдоггүй юм. Английн жишээ байна. Санал асуулга явуулаад Европын холбооноос гарсан. Европын холбоог анх санаачилсан Англи улс нь өөрөө ард түмнээсээ санал асуусны улмаас гарч байгаа юм. Үүнээс үүдэж Англид ямар хүнд эдийн засгийн нөхцөл байдал үүсч байна вэ. Тиймээс зөвлөлдөх зөвлөл, зөвлөлдөх санал асуулга гэдэг зүйлийг хийж болдоггүй юм. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах 6 сэдвийг манай нам зарчмын хувьд дэмжиж байна.

Эх орончдын нэгдсэн намын дарга Ганбат: Үндсэн хуулийн өөрчлөлт процессын шинж чанартай байна. Сайтар боловсруулж, хэлэлцүүлэх хэрэгтэй.

Социал демократ намын дарга А.Ганбаатар: Ерөнхийлөгчид нэр дэвшигчид зөвхөн парламентад суудалтай нам оролцох боломжтой гэдгийг Үндсэн хуулиараа өөрчлөх хэрэгтэй.

 

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button