СЕХ гэж сөнөчихсөн газар байх юм
Нөгөөтэйгүүр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ирц хүрэх үү гэдэг нь юу юунаас илүүтэй санаа зовних асуудал. Жилийн жилд сонгуулийн ирц хангалтгүй болж байгаа. Иргэдийн төрд итгэх итгэл буурч, сонгуулийн өдрийг бүх нийтийн амралт шиг тэмдэглэх болсон нь худлаа биш.
Өнөө жил ч ийм хандлага гарч байх юм. Сонголтгүй сонгууль учраас саналаа өгөхгүй гэсэн уриалга цахим ертөнцөд гарч байна. Тэгвэл энэ асуудалд СЕХ анхаарал хандуулах учиртай. Сонгууль зохион байгуулах төв байгууллагын нэн тэргүүний үүрэг бол ирц хангалттай байлгах. Мөн шат шатны сонгуулийг элдэв хэл ам, хэрүүл маргаангүй зохион байгуулах явдал. Харамсалтай СЕХ энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй байна.
Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, Төрийн тэргүүнээ сонгох нь бидэнд яагаад чухлыг тэд сурталчилж байгаа зүйл алга. Хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлэл бэлтгэж хүргэх, сонгууль өгөх дургүй хэсэг бүлэгт хүрэх нөлөөллийн ажлаа ч эхлүүлэх ёстой баймаар. Гэтэл “дүүрчихсэн тэнэг”-үүд л энэ байгууллагад ажиллаж байна гэхэд хатуудахгүй. Ганц нэгхэн хэвлэлд 4/1 хэвлүүлсэн гээд сурталчилгаа болохгүй.
Сошиал сүлжээ, тв, сонин, сэтгүүл гээд бүх байгууллагаар нөлөөллийн ажлаа хийж байж иргэдийн сонгуулиа өгөх идэвх нэмэгдэх учиртайг олон жил СЕХ-г удирдсан Ч.Содномцэрэн дарга мэдмээрсэн. Төсөв мөнгө ч хангалттай бий. Шат шатны сонгууль зохион байгуулахад зарцуулах мөнгийг жил бүхэн тэрбумаар нь баталдаг. Өнөө жил ч 2017 оны төсвийн тухай хуулиар Ерөнхийлөгчйн ээлжит сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаас тэрбум орчим төгрөгөөр бага ч гэсэн хангалттай мөнгө.
Сонгууль зохион байгуулах зардал, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл, самбар, тараах материал, ажлын хэсгийн цалинг хангалттай тавьж хүрэлцэхүйц мөнгө. Хэдхэн сая төгрөг биш хэдэн тэрбумаар яригдаж байгаа шүү. Тиймээс хэвлэл мэдээлэлд зарцуулах хэдэн сая төгрөг үлдээгүй гэдэг юу л бол. Үгүй ядахдаа, иргэдийнхээ сонгууль өгөх идэвхийг нэмэгдүүлэхийн тулд нэгж, киноны тасалбар өгөх зэргээр урамшуулж яагаад болохгүй байна вэ. Тун саяхан БНСУ Ерөнхийлөгчөө сонголоо. Өмнөх Ерөнхийлөгч нь хугацаанаасаа өмнө огцорч нөхөн сонгууль болох үеэр Солонгосын телевизүүдээр сонирхолтой, иргэдийг уйдаахгүй нэвтрүүлэг хүртэл бэлтгэн хүргэж байлаа.
Санал тоолох явцад иргэд уйдахгүйн тулд танин мэдэхүйн болон хөгжөөнт нэвтрүүлэг үзэж цагаа өнгөрөөж байсан юм. Энэ мэт жижигхэн юм шиг боловч нөлөөлж чадах зүйлээс бид яагаад суралцаж болохгүй байна вэ. Нэр дэвшигчийн талаар хөнгөн чөлөөт мэдээлэл бэлтгэж сошиалд хүргэх, сонгуулиа өгч байгаа иргэдийн хөгжилтэй, эсвэл залууст сургамж болох нэвтрүүлэг, эсвэл хөөрхөн реклам ч хийж болно.
Гэтэл төрийн цагдаа гаднаа зогсоочихоод л Төрийн ордон шиг л хамгаалалт гаргаж сүйд болох юм. Нэвтрэх гэсэн хүмүүсийг нэгбүрчлэн шалгаж, ард түмнээсээ улам бүр л алсраад байх юм, тэд. Цаг үеэ мэдэрч ажиллаж байгаа хүн тэнд алга. Хатуухан хэлэхэд, даргатайгаа хамт ажлын аппарат нь “өвгөрчихөж”. Мэдээллийн эрин үед бид хаашаа явж байгааг мэдэрч, тэнд хүрч ажиллаж чадахгүй бол ажлаа өгвөл зүгээрсэн.
Хийж чадах хүн олон бий. Улс төрийн намуудын шахааны хүмүүс СЕХ-ны гишүүнээр ажилладаг. Тэд ч гэсэн төрийн мөнгийг зүгээр идэж суухаар СЕХ-ны гишүүний үндсэн үүргээ биелүүлж болохгүй юу. Шат шатны сонгуулиар ирц буурч буйн шалтгааныг СЕХ-ноос эрэх учиртай. Тэд нөлөөллийн ажлаа хийж чадахгүй байна. Хэвлэл мэдээлэлд цензур тогтоож, төсөвлөсөн мөнгөө буруу зүйлд зарцуулаад байгааг хянаж шалгамаар байна, улстөрчид өө. Хөндлөнгийн аудит оруулвал яасан юм. Хэлтэй, амтай сонгууль зохиох нь ганц хийдэг ажил нь биш байлтай.
Монголын мэдээ
Б.Эрхэс