Тохироо хэрхэн үргэлжлэх бол…

Ганцхан суудлаар шантаажилж, төрийн ажлыг удтал гацаасан МАХН-ынхан өнгөрөгч мягмар гарагийн орой нэр дэвшигчээ зарлалаа. Намын дарга Н.Энхбаяр ялтайн улмаас өрсөлдөх боломжгүйд хүрч, дараагийн хувилбар хэн байх нь хүлээлт үүсгэж, олон ч таамаг өрнөлөө. Хуулийн хугацаа тулчихсан үед МАХН-ынхан хаалга үүдээ түгжиж орхиод хуралдсан. Бага чуулганы гишүүн хэд байдаг, ямар хүн өрсөлдөж байгаа талаар ч нэгдсэн мэдээлэл байхгүй байлаа. Мягмар гарагийн 21.00 цагийн орчим тэд эцсийн шийдвэрээ гаргаж, намынхаа нэрийг экс гишүүн С.Ганбаатарт “түрээслүүлэх” шийдвэрт хүрснээ зарласан билээ.
 
С.Ганбаатар МАХН-ын гишүүн биш. Тэрбээр, 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан УИХ-д орж ирсэн ч дундаас нь нам байгуулж, даргаар нь очсон. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн дандаа шижигнэсэн залуусаар эгнээгээ бүрдүүлсэн ХҮН-ын даргаар С.Ганбаатар очсон даруйд асуудал үүсч билээ. Улмаар чадварлаг залуустай нам гэх нэр хүндээ алдаж, олон даргатай болж онигоо болсон түүхтэй. Намын дарга гэх С.Ганбаатар нь боловсрол эзэмшээгүй, намтарт бичсэн олон дээд сургуулийнхаа нэгийг нь ч төгсөөгүй гэсэн баримт олонд ил болсон. Тэгвэл өөрийн гэсэн намгүй, бас баггүй С.Ганбаатарт МАХН ийм боломж олгосон нь хоёр өдрийн ярианы сэдэв байлаа.

…ажлын цаг дууссан хойно нэгхэн цагийн хугацаанд бүх бичиг баримтыг хүлээлгэж өгсөн нь сонирхолтой байгаа юм. Энэ өнцгөөс харвал С.Ганбаатарыг өрсөлдүүлэх тохироо аль эрт хийгдсэн нь тодорхой…

 
Нэр дэвшигчдээ 10 тэрбумын босго тавьсан МАХН-ын шалгуурыг хангаж гарч ирсэн С.Ганбаатар хаанаас мөнгө босгосон нь ирэх өдрүүдийн ярианы сэдэв байх биз ээ. Тэрбээр, мягмар гарагийн 24.00 цагаас өмнө эмчийн үзлэгт орж, СЕХ-ноос шаардсан бичиг баримтыг цаг гаруйн хугацаанд бүрдүүлж өгсөн учраас эртнээс найруулсан жүжиг байжээ гэж хардах шалтгаан болж байна. АТГ, цагдаа, шүүх, прокуророос нэр дэвшигчийн тухай мэдээлэл авах, цаашлаад банк санхүүгийн байгууллагад өр төлбөртэй эсэх гэх мэтээр нийт 17 хуудас бичиг баримтыг СЕХ-д МАН, АН-ын нэр дэвшигчид бүрдүүлж өгсөн. С.Ганбаатар ч адилхан тэр хэмжээний материал цуглуулж өгнө.
 
Гэтэл ажлын цаг дууссан хойно нэгхэн цагийн хугацаанд бүх бичиг баримтыг хүлээлгэж өгсөн нь сонирхолтой байгаа юм. Энэ өнцгөөс харвал С.Ганбаатарыг өрсөлдүүлэх тохироо аль эрт хийгдсэн нь тодорхой байлаа. Гэвч МАХН-ын дарга Бага чуулган, дөрвөн нэр дэвшигчийн өрсөлдөөн зэргээр өрсөлдөгч намынхандаа шантааж үзүүлж, “жүжиг” тавьчихав уу гэх хардлага байгааг нуугаад яахав. Хэнд ч хардах эрх бий.
 
Цаашид тэдний тохироо хэрхэн үргэлжлэх нь сонирхол татах сэдэв байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатарыг өрсөлдөх сургаар намдаа ганц суудалд авч ирсэн О.Баасанхүү баахан “дөвчигнөлөө”. Нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, намаас гарах орох тухай мэдэгдэл хийсэн. Гэсэн ч өчигдөр “би намаасаа гарахгүй” хэмээн өмнөх байр сууринаасаа ухарсан мэдэгдэл хийснээр маргаан өндөрлөв. 
 

Нэр дэвшигчид бүтэн нэр, бүрэн намтартай үлдэх болов уу 

 
Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тойрсон улс төрийн халуун үйл явдал хэдэн өдрөөр сунжирч өчигдөр арайхийн өндөрлөлөө. Гэхдээ зөвхөн нэр дэвших, дэвшүүлэхгүйн тухай маргаан. Хуулийн хугацаандаа багтаж СЕХ өчигдөр гурван нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж үнэмлэх олгох болсноо зарлав. Тодруулбал, СЕХ-ноос өчигдөр мэдээлэл хийж үнэмлэхийг нь энэ сарын 27-нд гардуулахаа мэдэгдсэн юм. Мөн нэр дэвшигчдийг саналын хуудсанд УИХ дахь намын суудлынх нь тоогоор эрэмбэлэхээр болжээ. УИХ-д хамгийн олон суудалтай МАН-ын нэр дэвшигч М.Энхболд саналын хуудасны нэгдүгээрт бичигдэх бол,
 
АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хоёрдугаарт, хамгийн сүүлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бичигдэхээр болсон байна. СЕХ-нд албан ёсоор бүртгүүлснээр тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болж байгаа юм. Төрийн хамгаалалтад орж, хийх үйлдэл, хэлэх үгээ алхам тутамдаа цэгнэх нь. Өмнө хэлсэнчлэн, СЕХ бүртгэх, бүртгэхгүйн тухай маргаан л өчигдрөөр дууслаа. Харин өнөөдрөөс тэдний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн шүүж эхэлнэ. Нэр дэвшигчдийн ард байгаа сурталчилгааны багууд өрсөлдөгчөө харлуулах ажилдаа шуурхайлж эхэлжээ. Албан ёсны сурталчилгаа сонгууль болохоос 20 хоногийн өмнө эхлэх ёстой ч сошиал ертөнцөд ийм хууль үйлчилдэггүй. Тэнд хэн ч юу ч бичиж болно.

 

Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан нийгэм учраас Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарын нэр хүндийг өндийх аргагүй болтол гүтгэж, гутаах ажлаа тун сурмаг хийх биз. Цаашлаад твиттер сүлжээнийхэн байна. Хэдийнэ ил, далд сурталчилгаа хийх мөнгөө авчихаад анаж суугаа нь дамжиггүй. Хэдэн төгрөгөөр халаасаа дүүргэчихсэн боловсролтой “гүтгэгчид” жиргэх ажилдаа ч ханцуй шамлан орно. Чин үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох өдөр бүтэн нэртэй, бүрэн намтартай хүн үлдэх үү гэдгийг хэлж мэдэхгүй нь. Тэд хэнийг ч хэн ч биш болгож чадна.
 
Хэдэн үеийнх нь намтрыг ухаж гаргана, өмнөх алдаа, хий гишгэсэн бүхнийг шүүн хэлэлцэнэ. Боловсролтой, боловсролгүйн тухай маргаан дөнгөж эхлэл нь. Аав, ээж, амраг садан руу нь дайралтаа үргэлжлүүлнэ. Үр хүүхдийнх нь зургийг гаргаж тавьчихаад хэрэлдэж, хэлэлцэнэ. Дэгсдүүлж хэлбэл, хаана хэнтэй ууж идэж, хэдэн бүсгүйтэй уулзсаныг нь хүртэл гаргаж тавих нь тодорхой. Хамгийн сонирхолтой энэ бүхнийг хүчээр зогсоох боломж манайд даанч алга.
 
Сонгууль дуустал фэйсбүүк, твиттер хуудсыг хаахгүй л бол сошиал сүлжээнийхэнд хууль үйлчлэхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ хэвлэл мэдээллээр нэр дэвшигчийн ил, далд сурталчилгаа явж байгаа эсэхэд л анхаарал хандуулахаас өөрийг хийж чадахгүй. Сошиал сүлжээг тэд яаж ч чадахгүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг улаан цайм сурталчилгаа хийлээ гэж барьж хорихгүйгээс хойш сошиалын “дайн”-ыг дуугүй харж суухаас өөр аргагүй билээ. 
 

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулъя 

 
Ерөөс нэр дэвшигчийн талаар кампанит гүтгэлэг явуулах ажил ганцхан Ерөнхийлөгчийн сонгуулиар болдог юм биш. Шат шатны сонгуулиар л ийм зүйл болдог. Хэдийгээр хэвлэл мэдээллээр албан ёсны эх сурвалжтай, ёсзүйтэй, цензуртэй явуулах сурталчилгааны хоног богинохон байгаа ч сошиал сүлжээ гэх олон нийтийн мэдээллийн сүлжээг хянах боломж гарахгүй байгаа юм. Тиймээс ёсзүйтэй өрсөлдөөнөөс илүү ёсзүйгүй, гүтгэсэн, доромжилсон, нэг нэгнийхээ аав ээжийн удам судар, үр хүүхдийнх нь бүдүүн тарганыг шүүх хэлэлцүүлэг хэтэрхий олон хоног үргэлжилж байгааг хөндөхгүй өнгөрч боломгүй.
 
Зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг дөнгөж тавдугаар сар гараад л ярьж эхэлсэн. Хуульд заасан хугацаа нь тийм учраас яах ч арга байхгүй. Гэтэл тавдугаар сарын эхээр нэр дэвшигчээ тодруулчихсан улс төрийн намууд өнөөх л бохир, заваан гүтгэлгээ хоёр сарын турш явуулах боломжтой болчихоод байна. Хийхгүй, сэтгэхгүй зүйл ч гэж байхгүй юм, тэдэнд. Эцэст нь албан ёсны сурталчилгаа эхлэхэд ард түмэн хэдийнэ өрсөлдөгчдийн сайн муу, саар мэдээнээс залхчихсан байдаг.
 
Ямар ч сайн мэдээг хүргэлээ гээд хэдийнэ сошиал ертөнцөөр явчихсан учраас хүлээж авах чадамжгүй болчихдог. Худал үгийг мянга давтахаар үнэн болно гэгчээр нэг сарын турш Х.Баттулга луйварчин гээд гүтгэчихээр итгэхээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс эрхэм хууль санаачлагчид минь хуулийн төслөө эргэж харахад гэмгүй болжээ. Орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, нэр дэвшүүлэх, сурталчилгаа эхлэх хоног хугацаагаа жаахан ойртуулвал яадаг юм бэ.
 
Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт нэр дэвшүүлэх, бүртгэх ажлыг хийж, улмаар албан ёсны сурталчилгаа эхлэх өдөр үнэмлэх гардуулахад буруудах зүйл байхгүй. Сонгуулийн санал авах хэсэг, ажлын хэсгийг нэр дэвшигч хэн байхаас үл хамаарч хийж болно. Саналын хуудас хэвлэх ажил тийм ч олон хоног авах нь юу л бол. Тиймээс Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдээ гүтгэлэг, доромжлолоос хамгаалъя. Ард иргэдээ үнэн зөв мэдээлэл авах боломжоор хангая. 20 хоног хангалттай хугацаа. Хэвлэл мэдээллийн орон зай асар өргөн байхад фэйсбүүк, твиттерийн дэмжлэггүй сурталчилгаа хий­хэд хангалттай хүрэлцэх хоног.
 
Тэгээд ч цөөхөн хэдэн зуун сая хүн амтай биш гуравхан сая монголчуудад хоёр сарын сур­тал­чилгаа хэтэрхий их байгаа юм. Хуулиа өөрчилж чадах­гүй бол сошиал сүлжээгээ хаасан ч яах вэ дээ. Бидний тархи хогийн сав биш. Хэрэгтэй хэрэг­гүй хов жив, гүтгэлэг доромж­лол, бөгс бөөрний хэрүү­лийг хоёр сар сонсч, үзнэ гэдэг арай л хэтэрсэн асуудал биш үү.
Монголын мэдээ

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button