Түлэнхийн төвийг барих сураг гарлаа
Монгол улсад ганц байдаг түлэнхийн төвийн барилга 1950-иад онд ашиглалтад орсноос хойш зөвхөн урсгал засвараар 2011 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Улмаар мэргэжлийн хяналтын газраас тус төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, акталсан учраас Түлэнхийн төвийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүж өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж байна.
Олон жил санхүүжилтгүйн улмаас царцаад байсан тус төвийн барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байсан ч барилгын ажил удаашралтай явагдаж байгаа. Тэгвэл Түлэнхийн төвийн барилгын ажилд дахин 8 сая ам.долларыг зарцуулахаар болжээ. Тодруулбал Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гарчээ. Энэ сарын 23-24 ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны үеэр уг асуудлыг ярилцах юм байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Кувейтын сангаас 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд олгохоор болсон байна. Үүний 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулах юм байна.