МАН-ын бүлэг завсарлага авлаа

Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан юм.

Горимын саналыг гишүүд дэмжсэн тул үдээс хойш чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болов. Гэвч үдээс хойших чуулганы хуралдаан эхлэхэд Төсвийн байнгын хороо хуралдсангүй. Иймээс дэгийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх боломжгүй болов.

Харин чуулганы хуралдаан эхлэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар асууж тодруулах зүйл байгаа тул завсарлага авах хүсэлтэй байна” гэсэн юм.  Ингээд УИХ дахь МАН-ыг бүлэгт тав хүртэлх хоногийн завсарлага өглөө.

Тэгвэл зарим эх сурвалжууд энэ завсарлагыг МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой ойлголцолд хүрээгүй учраас төсвөөр халхавч хийлээ хэмээн бичиж байна. Учир нь өнөөдөр МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар хоёр тусдаа хуралдсан байна. Нэг үгээр МАН-ын бүдүүн бүлэг дотроо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, авахгүй хэмээн санал зөрөлдөж, хоёр хуваагдаад байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button