Хор, хов хоёрт ховсдуулсан парламент

Намрын чуулган нээлтээ хийгээд яг нэг сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд парламент юу шийдэв?

 Улсад хамгийн эрх дархтай хүмүүс УИХ-ын гишүүд, сайд дарга нар байдаг.  Нэн ялангуяа УИХ-ын гишүүд. Тэд хууль санаачилж батлах үүрэгтэй. Ард иргэд тэднийг өөрсдийнх нь төлөө ажиллаж, амьдралд хэрэгтэй хууль тогтоомж гаргаарай хэмээн парламентад илгээсэн. Гэтэл тэд тэтгэвэртэй гарсан хөгшид шиг аашилж байна. Дуртай бол хуралдаа сууна. Дургүй бол хурлаа таслаад алга болно. Хуралдаа ирсэн ч ирцээ бүртгүүлээд л гарч одно. Парламент халаа сэлгээ, томилгооны асуудал хэлэлцэх үед хамгийн их ирцтэй байдаг. Өмнөх парламент ч тийм л байсан. Байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр хурал даргалагчийн зүгээс хамгийн их хэлдэг үг бол “Гишүүдээ ирцээ бүрдүүлье. Санал хураах гэж байна”. Чуулганы танхимд арван гишүүн суугаад хууль баталж байвал нэг их гайхах зүйлгүй. Хэвшил болчихсон зүйл. Хамгийн сүүлд гэхэд УИХ Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох  тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд  тавьсан хоригийг хэлэлцэн шийдэх гэж хэдэн өдөр дуншив. Төсвийн байнгын хорооны хуралдаан дөрвөн удаа хойшилсны эцэст хуралдаж, шийдвэрээ гаргав. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг парламент хэлэлцэв. Тогтсон заншил ёсоор гишүүдийн ирц хангалттай сайн хэмжээнд хуралдаан эхлэв. Учир нь энэ хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар суудалдаа үлдэх эсэхийг шийдэх учраас ирц хангалттай. Дээр хэлсэнчлэн УИХ сандал суудлын асуудалд хамгийн өндөр ирцтэй хуралддаг. Үр дүнд МАН-ынхан доромжлол, өс хонзонгийн манан дундаас Сангийн сайдаа авч үлдэв. Бүр бие биенээ казиночин хэмээн хашгирч ч үзэв. Энэ бүхнийг харж суусан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна. Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна” хэмээв. Тэдний өнөөгийн төрх л энэ.

Намрын чуулган эхэлснээр тэд Засгийн газраа бүрдүүлж, төсвийн тодотголоо баталсан. Харин одоо энэ сарын 15-аас өмнө ирэх оны төсвөө батлах ёстой. Гэтэл эрх баригчид талцаж, хуваагдлаас өөр харуулах зүйлгүй сууж байна.

УИХ-ын нэг гишүүн жилд нийтдээ 100 сая төгрөгийн мөнгөн төсвийг зарцуулах боломжтой байдаг. Үүнд гишүүний үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалин, албан томилолт, унаа, ном хэвлэлт гэх зэрэг багтана. Тэд ажилдаа ирэхгүй байсан ч цалингаа авч, мөнгөн урамшууллаа хүртэж байна. Нэг үгээр улс тэднийг цалинжуулж, урамшуулж байна. Тэд улсын төлөө юу хийдэг вэ? УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.9-д зааснаар гишүүн тэр өдөр картаа шургуулсан л бол ирсэнд тооцдог. Эрхэм гишүүдийг зүгээс энэ дэгийг маш сайн баримтална. Нэг үгээр картаа уншуулаад л алга болж өгнө. Дэндүү хариуцлагагүй гэмээр үйлдлүүд төрийн түшээд гарч байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button