Эмнэлэг, амаржих газрууд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр онцолсон юм.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн удирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд болсон уг арга хэмжээ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button