Парламент зээлийн хүүд “гар хүрч” чадах уу

Япон улс Токиогийн метронд жилийн 0,5 хувийн хүүтэй 10 жилийн ипотекийн зээл рекламдаж байгаа жишээ цахим орчинд тархсан. Гэтэл монголчууд бид  21-27 хувийн хүүтэй бизнесийн, найман хувийн хүүтэй ипотекийн зээлд “дарлуулсаар” өнөөдрийг хүрч байна. Гэхдээ найман хувийн хүүтэй орон сууцны зээл ч ор нэр төдий хэрэгжиж байна. Монгол Улсад 100 гаруй мянган залуу өрх моргэйжийн зээлтэй. Эдгээр иргэд өрхийн орлогынхоо 50-60 хувийг орон сууцныхаа зээлд төлөөд, цаанаа амьдрах мөнгөгүй болж байна. Монгол өрхийн дундаж орлого 1,1 сая гэсэн тооцоолол гарсан байгаа. Гэтэл үүнээс 600-700 мянган төгрөгийг зээлээ төлдөг. Ийм төлөлт хийсний үр дүн хангалттай биш. Залуу гэр бүлүүд 50 сая төгрөгийн зээл аваад,  таван жилийн дараа үндсэн зээлээс маш бага хэмжээний төлөлт хийгдсэн байдаг. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл үүнийг оромжийн ядуурал гэж тодорхойлсон. Бусад орны ийм тодорхойлолтыг хангаж байгаа гэсэн үг л дээ. Нэг үгээр орон сууцны зээл авсан хүн өөрөө ядууралд орчихдог. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн зээл рүүгээ орж чадахгүй байна. Иймээс зээлийн хүүг бууруулах нь энэ удаагийн парламентын анхаарч ажиллаж зүйлийн нэг болоод байна.

Зээлийг хүүг бууруулах талаар Монголбанк ямар алхам хийж байна вэ?

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын баримт бичиг дээр зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах зорилт дэвшүүлж байгаа аж. Төвбанкны зүгээс  арилжааны банкны төлөөллүүд болон эрдэмтэн судлаачдыг хамарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тиймээс ойрын үед стратегийн баримт бичгээ бэлэн болгож хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгоно гэдгээ мэдэгдсэн юм. 

Төв банкны Ерөнхийлөгч энэ талаар “Үүн дотор ипотектэй холбоотой асуудал яригдана. Ипотекийн журмыг өөрчлөх асуудлыг авч үзэж байна. Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл гардаг. Дээр нь арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байгаа.

Санхүүжилтийн эх үүсвэрийг 2 газраас авдаг. Дийлэнх хэсэг нь Монолбанкнаас урьд нь олгосон ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөс 16 тэрбум төгрөг өгч байна. Мөн 2017 оны төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тавьдаг болсон. Одоогоор 25 тэрбум төгрөгийн хэмжээнд яригдаж байна.

Энэ хөтөлбөрийг яаж өөрчлөх вэ гэдэг талаар бид дэлхийн банкнаас техникийн туслалцаа аваад, судалгааны үр дүн бэлэн болж байгаа. Тэдний өгсөн зөвлөмжийг багцаалж үзэх юм бол арилжааны банкууд зээлээ иргэдэд өгдөг байх хэрэгтэй. Засгийн газраас харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах арга байгаа. Тиймээс цаашдаа санхүүжилтийнх нь журам өөрчлөгдөнө гэж хэлж болно” гэсэн юм.

Харин өчигдөр Монголын банкны холбооныхон зээлийн хүүд хуулиар хязгаар тогтоох гэж байгааг буруутгаж мэдэгдэл гаргасан байх юм. Тэд дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүгээ хуулиар хязгаарлуулахгүй хэмээн эсэргүүцэж, муу жишгүүдийг дурджээ. Гэвч тэд энэ мэдэгдэлдээ зээлийн хүүг бууруулах илүү оновчтой санал санаачлагын талаар дурьдсангүй. Нэг үгээр эсэргүүцлээ л илэрхийлж байна. Цаашид ч энэ эсэргүүцэл хүчээ авна. Гэхдээ ард түмний зүгээс хэзээ зээлийн хүүг хэвээр үлдээх талд зогсохгүй. Иймээс парламент хийгээд Төв банк зорилгоосоо ухрахгүйгээр зээлийн хүүд “гар хүрч” чадах уу? гэх асуулт хариултаа хүлээх нь ээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button