“Чингис хаан” одонг энэ жил хэн авах вэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох гэж байна. Энэ жилийн хувьд “Чингис хаан” одон хүртэх магадлалтай хүмүүсийн тоонд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Д.Урианхай нарын нэр яригдаж байгаа аж.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан юм. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон билээ.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button