Нууцаар “зэвсэглэсэн” Б.Хурцад ямар хуулийн заалт хамаатай вэ

Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Энэ үгийг Төрийн ордноо Л.Болд гишүүн Б.Хурцад хандан хэлсэн. Үүний дараа байнгын хорооны танхимд ширүүхэн маргаан өрнөсөн юм.  

УИХ-ын гишүүн Л.Болд: Нэр дэвшигч өмнөх албан хашиж байхдаа намайг шалгуулсан. Батлан хамгаалахын сайд байхад шалгуулж, манай хоёр хүн нас барсан.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.

Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц: Миний өмнө нь хашиж байсан албан тушаалтай холбоотой асуудлыг ярьж байна. Уучлаарай, би хариулъя. Өмнө нь АТГ-т ажиллаж байсан үеийн асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?

Ийнхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурц ноцтой мэдээлэл хийв. Нэг үгээр нууцаар “зэвсэглэсэн” Б.Хурц Төрийн ордонд байнгын хорооны гишүүдийг үг хэлж чадахааргүй болгож чадсан юм. 

Тэгвэл ийнхүү дор зоргоороо авирлагч ҮАБЗ Ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал хүнд ямар хууль үйлчлэх ёстой вэ? 

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ

27 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэний үүрэг

 27.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 

27.1.1.төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх; 27.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх; 

27.1.3.төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; 

27.1.4.нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх; 27.1.5.албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;

 27.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 

8 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт 

8.1.7.хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн алба хаагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах;

Дээрх хуулийн дагуу Б.Хурц ойрын гурван жилэдээ гадаад улсад байнга оршин суухаар явах эрхгүй. Гэвч хууль тогтоогчид хуулиа зөрчин түүнийг БНСУ-д элчин сайдаар суухыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Одоо УИХ Б.Хурцыг элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Энэ үеэр Б.Хурц ямар баримтууд дэлгэж, томилолтоо өвөртлөх нь сонин байна. 

 

П.ГОО

Оллоо.мн 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button