“Чингис хаан” одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллыг олгодог

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй.

Энэ жилийн хувьд уг шагналыг хүртэх эрхмээр олимпийн алт, мөнгөн медальт, жүдо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэснийг Ерөнхийлөгчийн тамгийн газраас өчигдөр мэдээлсэн. ЕТГ-ын дарга З.Энхболд “Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог юм байна. Үүнд:

  1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  2. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  3. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  4. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

    Г.Зул

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button