МАН-ын дараагийн дарга хэн бэ

МАН-ын 28 дугаар Их хурал  энэ сарын 20-21 өдрүүдэд болно. МАН-ынхан энэ Их хурлаараа намын даргаа шинээр сонгох юм.

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа “Ажлаа өгнө” гэдгээ мэдэгдсэн. Иймээс улс төрийн ууган хүчний дараагийн дарга хэн байх вэ, гэх таамаг энэ өдрүүдэд хөвөрч байна. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгвэл Д.Хаянхярваатай хэн хэн өрсөлдөх вэ?

Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан нарын хүмүүсийн нэр яригдаж эхлээд байна.

Тэгвэл эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ? 

У.Хүрэлсүх

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдоод байна. МАН-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдаа намын даргын суудалд суулгах санаархал бий. У.Хүрэлсүхэд ч “МАН-ын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн дүрмийн заалтаар түрээ барьж, намын удирдлагыг гартаа авах ойрын зорилт нь. Түүнийг намын дарга болгохоор “зүүний хүч”-нийхэн орон нутагт суртал, ухуулга хийсээр байгааг эх сурвалжууд бичиж байна. 

У.Хүрэлсүх нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын генсек, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзан харийн орныг зорьсон. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд намдаа ялалт авчирч чадаагүй учир хариуцлага хүлээх ёстой гэдэг үүднээс МАН-ын генсекийн албаа хүлээлгэн өгсөн. Тэр гэр бүлийн хүнээ Солонгос Улсад урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан юм. Ингэж хэсэг чимээгүй амьдарсан тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Шадар сайдын үүрэгт албыг хүлээж авсан. Жилийн дараа энэ албаа мөн л өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Үүний дараа тэр Ерөнхий сайдын суудалд тухалж чадсан. Харин одоо намын даргын эрх мэдлийг атгахаар сэтгэл шулуудчихаад байгаа. Энэ зуур түүний толгойлдог “Зүүний хүчнийхэн” илд далд суртал ухуулгаа идэвхжүүлсээр байгаа гэх мэдээлэл гарсаар байна. 

Д.Хаянхярваа

УИХ-ын 2016 сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг Д.Хаянхярваа толгойлох болсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэр УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдав. УИХ дахь бүлгийн 65 гишүүний эв нэгдлийг хангаж чадахгүй байгаагаас харахад түүнд намын даргын алба ахдана гэвэл буруу хэлсэн болохгүй. 

Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байх хугацаандаа тус аймгийн төсвийн мөнгөнөөс  800 сая төгрөг бүлэглэн хувьдаа завшсан хэрэгт холбогдсон асуудлаас эхлээд түүнийг тойрсон элдэв хараан бараан түүхийг шил дарааллан хөвөрнө. Харин мань хашир энэ бүхнээс төрийн сэнтийг түрий барин эвтэйхэн мултарч чаддаг. Харин түүнд намынхан дэмжлэг үзүүлж, намын даргын суудалд суулгах эсэх нь эргэлзээ дагуулж байна. 

С.Бямбацогт

Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС, Нидерланд улсын Маастрихтын Их сургуулийг тус тус төгссөн эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Бизнесийн амьдралаас УИХ-д хөл тавьсан эрхмүүдийн нэг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Энхболдоос бүлгийн даргын албыг хүлээн  авч байсан. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ынэ сонгуулийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашсан. Түүнийг намын даргад өрсөлдөхөөр зэхэж байгаа тухай яригдаж байгаа ч энэ тухай С.Бямбацогт албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

Т.Аюурсайхан 

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа намаа шинэчлэх хүсэлтэй залуусыг толгойлж байсан хүн бол Т.Аюурсайхан. Тэр МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргад өрсөлдөж байв. Т.Аюурсайханы хувьд 1975 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Бодлогын зөвлөлийн дарга. Турк, Япон, БНСУ-д суралцаж төгссөн. Англи, орос, турк, солонгос, япон хэлийг чадмаг эзэмшсэнээс гадна Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж, хувь хүний төлөвшил болоод төрийн албаны дадал суусан илүүрхэл түүнд бий. МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Нийслэлийн хяналтын хорооны гишүүн, намын Бага хурлын гишүүн хүртэл ажилласан. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, дүүргийн хурлын төлөөлөгчөөс хурлын хорооны дарга, дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан намтартай. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залраад авсан. Энэ удаад ч түүнийг намын даргад өрсөлдөхөөр зэхэж байгааг эх сурвалжууд хэлж байна. 

П.ГОО
Оллоо.мн 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button