Д.Эрдэнэбат: ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлтийг эцсийн байдлаар харах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнгөрсөн даваа гарагт  /2017.11.20/  хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачилгаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар мэдээлэл сонсов. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Банкны бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн оролдлого хийж байна гэв

 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нягтлах шаардлагатай гэдэг үүднээс Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуульд тодорхойгүй нэр томьёо маш олон орж ирсэн. Энэ хууль чинь өөрөө Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал биш байна. Нийт хуулийн 50 гаруй хувьд өөрчлөлт орж байгаа учир Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж үзэж байгаа. Ер нь банк, санхүүгийн эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлтийг эцсийн байдлаар харах хэрэгтэй. Монголын нийт 13 банканд хийсэн шалгалтын үр дүнг сонссоны дараа банк санхүүгийн системд ямар гажуудал байна гэдэг мэдээллийг аваад, дараа нь эрх зүйн шинэчлэлээ багцлан хийх нь зөв. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Банкны тухай хууль Өнөөдрийн УИХ дээр хэлцэгдэж байгаа. Сая Засгийн газраас Төв банкны тухай хуулийг өргөн барьсан учир банк санхүүтэй холбоотой гурван хууль байна. Тиймээс эдгээр гурван хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд, нэгдсэн ажлын хэсэг байгуулаад, монголын банк санхүүгийн асуудлыг цогц байдлаар эдгээр хуулийн хоорондын үйлчлэл зэргийг зөв хэмжээнд нь оруулах хэрэгтэй.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай байхгүй бол өнөөдөр эдийн засгийн салбарт үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээд явж байгаа банкны салбарыг доголдуулах нөхцөл байдал руу түлхэх эрсдэлтэй байна” гэлээ

 

Ж.Батзандан:Эрх баригч намын бүлэг нийтийн сонсголыг дэмжих байх

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурцтай холбоотой олон өргөдөл, гомдол УИХ дээр байгаа. Тиймээс нийтийн сонсголоор оруулж, өргөдөл, гомдол гаргасан хүмүүсийн үгийг сонсох ёстой. УИХ ч өөрийн байр сууриа тодорхой болгох ёстой гэдэг зорилгоор нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ асуудлыг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд, бүлгийн гишүүд нийтийн сонсгол хийх нь зөв гэж дэмжсэн. Эрх баригч намын бүлэгт дэмжих байх гэж итгэж байна" гэв.

 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button