Эрхэм гишүүдээ иргэдээсээ суралц

Эрхэм гишүүд болоод эрх мэдэл бүхий хүмүүсээ дээрх зургийг харж байна уу? Энэ бол хамгийн чанартай материалаар хийсэн ХУД Яармаг 73-р цэцэрлэгийн өргөтгөл.

 Фэйсбүүкийн “Сайхан бүсгүйчүүд” группын бүсгүйчүүд энэ ажлыг санаачлан 110 м.кв-г тохижуулсан байна. Тэдний хэлснээр хамгийн чанартай материал сонгон өргөтгөлийн барилгыг барьж тохижуулахад 50 сая төгрөг хангалттай байсан гэнэ. Тэдний энэ санаачлагыг 30.000 дэмжиж хандив өргөсөн байна.  

Хамгийн сонирхолтой нь нийслэлийн боловсролын газар үүнийг 500 сая төгрөгөөр баригдана хэмээн “томорчээ”. Харин бүсгүйчүүд өнөөдөр тэдний тооцоолсон 500 сая төгрөгөөр бус 50 төгрөгөөр тус цэцэрлэгийн өргөтгөлийг барьж хүлээлгэн өгсөн байх юм. Жирийн иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийнхүү хийсэн ажилтай, хэлэх үгтэй зогсож байна. Гэтэл сонгогдоод жил гаруйн хугацааг үдсэн эрхэм 76 гишүүнээс ийм санаачлага, сайн жишгийг олж харахгүй байгаа нь харамсалтай. Иргэд хийж чадаж байгааг харж, суралцах хэрэгтэйг сануулах нь илүүж биз.

Одоогоос арав гаруйхан хоногийн өмнө ирэх оны төсвийг баталсан. Ингэхдээ ирэх онд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм.

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөнд багтан шийдэгдэхээр тооцсон. 

Тэгвэл дээрх тооцоолол хэр бодитой байдаг вэ? Хуульд төсөвт өртгийг хэрхэн тооцох тухай заасан байдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар төсөвт өртгийг бодитой тооцож байгаа эсэхэд эргэлзэхээс өөр аргагүйд хүрээд байна.

Албаны хүмүүсийн 500  сая төгрөгийн өртөгтэй хэмээн тооцсон өргөтгөлийг 50 сая төгрөгөөр барьчихсан байна. Энэ бол бодитой жишээ. Ингэхдээ хамгийн чанартай материалаар дээрх ажлын хийсэн байгаа юм.  Тэгэхээр ирэх оны төсөв суугдсан мөнгө хэр бодитой вэ? Улс дахин хэд хэдэн сургууль цэцэрлэгийн өргөтгөл барих мөнгийг хэтрүүлсэн төсөвт өртөгт үргүй зарж байгаа юм биш биз…

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button