БНАСАУ-аас 300 мянган ам.доллартай холбоотой асуудал АТГ-т ирсэн гэв

Байнгын хорооны хуралдааны үеэр Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг хэлэлцэх үеэр ширүүхэн маргаан өрнөсөн. Тухайн үед нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү” хэмээсэн юм. 

Харин үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж холбогдох байгууллагуудад БНАСАУ-аас ямар нэгэн бичиг ирээгүй болохыг чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр “Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, ирээгүй гэж яриа гарч байна. Б.Хурц генерал ийм бичиг ирсэн, АТГ-т шилжүүлсэн гэж байгаа, харин Ц.Нямдорж сайд ирээгүй гэж ярьсан. Энэ асуудал танай дээр байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Энэ удаагийн хэвлэлийн хурал дээр прокурорын байгууллагаас тодорхой хэргийн талаар мэдээлэх зөвшөөрөл өгөөгүй. Тиймээс тодорхой хэргийн талаар ярих боломжгүй. БНАСАУ-аас 300 мянган ам.доллартай холбоотой асуудал АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээд явж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button