Ж.Батзандан: Гэмт хэрэгт холбогдож байсан 30 гаруй гишүүн Б.Хурцыг элчин сайдаар томиллоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан иргэдээс гаргасан өргөдлийг сонсох “Нээлттэй сонсгол” хийсэн.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын чуулган хаалттай хуралдаж Б.Хурцыг элчин сайдаар томилсон юм. Нэг үгээр Б.Хурцад гомдсон иргэд Төрийн ордонд гомдол цөхөрлөө нээлттэй ярьж суухад УИХ-ын танхимд эрхэм гишүүд  Б.Хурцын томилгоог хаалттайгаар хэлэлцэж, элчин сайдаар томиллоо. 

 Энэ асуудалтай холбогдуулан “Нээлттэй сонсгол”-ын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнөөдөр хаалттай хуралдаанаар томилгоо хийлээ. Яагаад “Нээлттэй сонсгол”-той давхцуулаад томилгоо хийж байгаа юм бэ? Миний зэвүү хүрч байна. Ирэх долоо хоногт хэлэлцэж болох байсан” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдрийн хэлэлцүүлгийг УИХ-ын бүтцийн байгууллага хийх байсан боловч бултлаа, зугтлаа. УИХ ардчилсан, хууль дээдэлдэг, иргэний эрхийг дээдэлдэг УИХ байсан бол биднийг сонсох байсан. Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой дээрэм тонуул хулгай луйвар, бусдын эрх мэдлийг булааж, олон арван хүнийг хилсээр хэлмэгдүүлж, хилс хэрэгт тулгасан, шоронд хорьсон гээд олон олон өргөдөл ирчхээд байхад УИХ үүний өнөөдрийг хүртэл сонсохгүй явлаа. УИХ-ын 30 гаруй гишүүн хаалттай хуралдаж байгаад гэмт этгээдийг элчин сайдаар явуулах шийдвэр гаргалаа. Тэр 30 гаруй гишүүдийг би мэднэ. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, хууль хяналтын байгууллагад барьцаалагдсан нөхдүүдийг Монгол төрд төлөөлүүлэхэд ямар аюул учирдгийг бид харж байна” гэлээ. 

П.ГОО 

Оллоо.мн 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button