Өргөдөл гаргасан иргэд Б.Хурцын талаар юу ярив

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр “Нээлттэй сонсгол” зохион байгуулж, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг сонсож хэлэлцлээ.

 

Сонсголд Томилгооны сонсгол зохион байгуулах санаачилгад нэгдсэн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нарын гишүүд болон өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.

 

Сонсголын үеэр нэгдүгээрт, Монгол хүний үндсэн эрхэд ноцтойгоор халдсан талаар, хоёрдугаарт, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан талаар, гуравдугаарт, төрийн албаны эрх мэдлийг хувийн зорилгоор урвуулан ашигласан талаар тус тус хэлэлцсэн юм.

 

Б.ХУРЦ ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙГООР ЗӨРЧИЖ БАЙНА

 

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Донровын Цогтбаатарын хилс хэрэгт гүтгэгдэн, нэг жил есөн сар хоригдсон талаарх өргөдөл, бодит нөхцөл байдлын талаар түүний өмгөөлөгч Г.Баянбилэг мэдээлэл өглөө. Д.Цогтбаатар нь өргөдөлдөө “Би 2005 онд ТЕГ-ын СТГ-т хэлтсийн орлогчоор ажиллаж байх үедээ тухайн үед СТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын зарим хууль бус үйлдлийг эсэргүүцэж маргалдаж байсан. Тухайлбал, бусдын утсан харилцааг хянахдаа өөр иргэний нэрээр тогтоол үйлдэх, тогтоолгүйгээр тагнах, бусдаас 50 сая төгрөгийн хээл хахууль авах зэрэг үйлдлийг нь хуульд нийцэхгүй болохыг сануулж, эсэргүүцэж байсан /Энэ асуудлаар Б.Хурцыг шалгасан баримт ТЕГ-ын АБА-нд бий/. Үүнээс болж Б.Хурц нь “Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн, би түүнийг ямар нэг аргаар заавал шоронд хийнэ” гэж ил заналхийлэх болсон” хэмээн бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Д.Цогтбаатарт ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН /Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Д.Пүрэвсүрэн нар БНСУ-ын иргэнээс 360 мянган ам.доллар авсан байж болзошгүй иргэний өргөдөл ТЕГ-т ирснийг АТГ-т харъяаллын дагуу шилжүүлж, үүргээ биелүүлсний төлөө төрийн нууц задруулсан гэж үзсэн/, БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН /БНХАУ-ын иргэн О.Цэнгэлээс 20 сая төгрөг авахаар сүрдүүлсэн хэмээн 5 жил хорих ял оноосон/  гэсэн зүйл ангиар тус тус яллаж, 1 жил 9 сар хорьсны эцэст 2015 онд Өршөөлийн хуулиар сулласан байна. Хэдийгээр Д.Цогтбаатарын хэргийг нууцын зэрэглэлд хамруулсан ч гэлээ түүний өмгөөлөгч уг хэргийг нууцлах шаардлага, үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн юм.

 

Д.Цогтбаатарын өргөдлийн дараа Нийслэлийн татварын газрын Шуурхай хяналтын тасгийн дарга, БГД-ийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан Даваагийн Энхбатын хилсээр гэмт хэрэг хүлээлгэсэн талаарх өргөдлийг сонсон хэлэлцлээ. Д.Энхбат өргөдөлдөө “Б.Хурц нь хувийн өс хонзонгийн сэдлээр намайг зохиомол хэрэг үүсгэн шалгуулж, хилс хэрэгт унагаж, улмаар АТГ, Прокурорын газар, бүр цаашлаад шүүхийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чадаж байснаас үзэхэд энэ хүн зөвхөн иргэн намайг биш Монгол Улсын хууль хяналтын байгууллага, хууль хамгаалах системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүчгүйдүүлж байсныг илтгэн харуулж байна. Иймд Б.Хурцын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, намайг хууль бусаар ял оногдуулсан энэхүү хууль бус үйл ажиллагааг нийтийн сонсголд оруулж, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, улмаар надад холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт шилжүүлэх асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шийдвэрлүүлж өгнө үү” хэмээн хүссэнээ хэллээ.

 

Эл асуудлын хүрээнд Д.Энхбатаас авлига авсан гэгдэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалын өргөдлийг мөн хэлэлцэв. Б.Жаргал нь Даваа овогтой Энхбатаас авлига авсан бөгөөд түүгээрээ Лексус 470 машин болон зуслангийн байшин авсан болох нь гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тогтоогдсон гэж 151 хоног хоригдсон. Шүүхийн эцсийн шийдвэр шинжээчийн дүгнэлт буруу гаргасан гээд хорьсон хугацааг торгох ялаар шийтгэсэн. Миний дүгнэлт буруу байвал Д.Энхбат ял авах учиртай бөгөөд Б.Хурц, Д.Энхбат нарын хоорондын өс хонзонгоос болж төрийн албаны бүх шатанд насаараа ажилласан энгийн нэг эмэгтэй хэрэгтэн болсон талаараа Б.Жаргал ярилаа.  

 

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хууль бусаар баривчлагдан Монголд хүргэгдэн, тамлуулан байцаагдаж, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амь насаа алдсан Дамирангийн Энхбатын гэр бүлийнхний өргөдлийг хэлэлцсэн юм. Талийгаачийн хөвгүүд болон эхнэр нь хилийн чанадад амьдарч байгаа тул тэднийг төлөөлж эхнэр С.Эрдэнэцэцэгийн дүү С.Мөнхчимэг, талийгаачийн нагац дүү Э.Хулан нар сонсголд оролцсон юм. Тэд Д.Энхбат нэгэнт хэрэг хийгээгүй нь нотлогдсон байхад Монголын төр өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүйд гомдолтой байдгаа илэрхийллээ.

 

Б.ХУРЦ ТӨРИЙН АЛБЫГ ХУВИЙН ЗОРИЛГООР УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙНА

 

Нээлттэй сонсголд бизнес эрхлэгчдийг төлөөлж, иргэн Ш.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч  Р.Мэндсайхан нар оролцож, Б.Хурцаас болж хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өглөө. Ш.Бат-Ирээдүй нь “Зэлэм” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа /2013 онд/ нэр бүхий хүмүүсийн хамт “Хээл хахууль авах” гэмт хэргийн хамжигчаар оролцсон хэмээн буруутгагдаж, 5 жил нэг сар хорих ялаар шийтгүүлж, биеэр эдэлсэн аж. “Зэлэм” ХХК 2010 онд “Саусгоби сэндс” ХХК-аас 5261Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, төлбөр хийгдэх үед иргэн Ш.Бат-Ирээдүй нь тухайн компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй байсан атал уг хэрэгт хамжигчаар татсан нь илэрхий хууль зөрчин, хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа талаараа ярилаа.

           

Б.Хурцаас болж хохирсон талаараа өргөдөл гаргасан хэд хэдэн бизнес эрхлэгчийг энэ сонсголд оролцохыг урьсан ч тэд хангалттай их дарамт, шахалт амссан болохоор дахин тагнуулынхны нүдэнд өртөхөөс айж байна гэдгээ хэлсэн юм.

 

Б.ХУРЦ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ САНААРХЛАА

 

Сонсголын үеэр Монгол Улсын иргэн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гаргасан өргөдлийг мөн хэлэлцлээ. 

 

Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед нэр дэвшигчийн гэрт түүний таньдаг монгол иргэний хамт тусгай албаны ажилтан болон гадаадын иргэнийг оруулсан. Энэ үеэр зохион байгуулалттайгаар хандивын яриа өрнүүлэн, тусгай албаны ажилтнаараа бичлэг хийлгэж, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр цацуулсан. Энэхүү гүйцэтгэх ажиллагааг ТЕГ болон ЭЦГ-ын эрх бүхий ажилтнуудын оролцоотойгоор гадаадын иргэнтэй хууль бусаар хамтран явуулсан гэж үзэж буйгаа нэр дэвшигч өмгөөлөгч Л.Мөнхсайхан илэрхийлсэн юм.

 

Ийнхүү сонсголд оролцогчид Б.Хурцыг шагналын журмаар элчингээр томилох биш харин олон хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, хохироосных нь төлөө түүнд хариуцлага тооцох ёстой гэдэг дээр санал нэгдэж байлаа. Сонсголын төгсгөлд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг уншиж танилцуулан, Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэсэн юм.

 

 

П.ГОО

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button