Б.Хурцыг Солонгосын тал хүлээж авах уу

УИХ БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг дэмжлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын  шийдвэр өнгөрсөн сарын 1-нд гарсан. Ажлаас халахтай зэрэгцэн түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдаж эхэлсэн юм. Улмаар Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал дэмжигдэж Ерөнхийлөгчид санал болгосон. Ерөнхийлөгч Б.Хурцыг элчин сайдаар томилох саналаа УИХ-д ирүүлсэн байна. Сар гаруйн хугацааны туршид олон нийтийн анхаарлын төвд байсан Б.Хурцтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ шийдвэрлэв. Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-д “Нийтийн сонсгол” зохион байгуулах санал гаргасан.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д “Нийтийн сонсгол” зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Гэвч Ж.Батзандан гишүүний хүслээр болсонгүй. Иймээс тэрбээр “нийтийн сонсгол” зохион байгуулахаар болсон юм. Энэ тараар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын бүтцийн байгууллага “Нийтийн сонсгол” хийх байсан боловч бултлаа, зугтлаа. Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой дээрэм тонуул хулгай луйвар, бусдын эрх мэдлийг булааж, олон арван хүнийг хилсээр хэлмэгдүүлж, хилс хэрэгт тулгасан, шоронд хорьсон гээд олон олон өргөдөл ирчхээд байхад УИХ үүний өнөөдрийг хүртэл сонсохгүй явлаа” хэмээсэн юм.

Үнэндээ ч Өргөдлийн байнгын хороонд иргэдээс өргөдөл ирсэн гэх мэдээллийг өгсөн ч иргэдийн өргөдлийн шалтгааныг сонссонгүй. Тэд үүнийгээ хууль зүйн үүднээс боломжгүй гэх тайлбар өгсөн юм. Улмаар Төрийн ордонд иргэд Б.Хурцад гомдолтой яваа шалтгаанаа тоочиж суухад парламентын танхимд түүнийг элчин сайдаар явуулахаар гишүүдийн олонх санал нэгдэж суулаа. Нэг үгээр УИХ-ын эрхэм гишүүдэд Б.Хурцын тухай дээрх мэдэгдлүүд ийм ч ноцтой асуудал биш байсан бололтой. Түүнийг томиллоо.

Тодруулбал, УИХ-ын 30 гаруй гишүүн хаалттай хуралдаж байгаад Б.Хурцын томилгоог шийдвэрлэв.  Одоо Ерөнхийлөгч энэ томилгоог баталгаажуулснаар Б.Хурц БНСУ-ын зүг ниснэ. Угаас Ерөнхийлөгч Б.Хурцыг УИХ-д санал болгосон учир нь түүнийг баталгаажуулах эсэх нь цаг хугацааны асуудал юм.

Харин анхаарал татаж байгаа нэг асуудал бол БНСУ Б.Хурцыг хүлээж авах уу? Тэд бол улстөрийн өндөр ёс суртахуун, соёлтой. Манайхан шиг дөргүй бухгүй шиг зүтгэж, зүтгүүлдэг цагаандаа гарсан хүмүүс биш.

Зарим эх сурвалжууд БНСУ-ын тал Б.Хурцыг хүлээж авах эсэх талаар эргэлзээтэй хэмээн бичиж эхлээд байна.

 

П.ГОО

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button