Зөвшөөрөлгүй 50 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байжээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Хуралдаанаар өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар хэлэлцсэн юм.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "өнгөрсөн 14 хоногт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн нь 47 нэгж буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид  буудал, 230 дэн буудал, нийт 355 байгууллага, иргэнийг шалгахад:

  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч,
  • Стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” хэмээн танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хотын дарга С.Батболд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хяналт-шалгалт хийсэн дүн, гаргасан зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтэд мэдээлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Г.Зул
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button