Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх талаар тэд ийм байр суурьтай байна

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.  Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Энэ онд буюу 25 жилийн хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн. Улс орон даяар иргэдийн хэлэлцүүлгийг өчигдөр эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлсэн билээ.

Тэгвэл тэдний зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэрхэн байр сууриа илэрхийлэв

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл: 1999 онд гэв гэнэт, хуйвалдааны журмаар оруулсан монголчуудын дунд  "дордохын долоо" хэмээн нэрлэгдсэн нэмэлт, өөрчлөлт Монгол Улсад хөгжил, дэвшил авчирсан уу гэдэг асуултыг иргэний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг  хийсэн 1999 оны парламент, үүнийг баталгаажуулсан 2000 оны парламентын гишүүдээс хариуцлагатайгаар асуумаар байна. Өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх хариултыг нурших шаардлагагүй гэж бодож байна. Харин Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дахин оруулахгүй байх баталгаа байна уу?

Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна. Тэгвэл Монгол Улс цаашдаа яах ёстой вэ, ямар гарц байна вэ. Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Аливаа улс, нийгэм, хувь хүн, айл өрх ёс суртахуунаа алдаад ирэхээр уналт, доройтол, ялзралд ордог нь жам ёсны зүйл. Монгол Улсын өнөөгийн  байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн зүйл.

Хууль зүйн доктор  Б.Гүнбилэг:   Өнөөгийн улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засрахгүй бөгөөд харин улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй байна. Тухайлбал, аль нэг нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулбал тухайн намын төлөөлөл болсон албан тушаалтан төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг эрүүжүүлж, албан тушаалын гэмт хэрэгт хамруулан шийтгэж эхлэх цаг нь болсон. Үндсэн хуулийн 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар гурван чиглэлийг хэрэгжүүлэх үзэх ёстой. Үүнд, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт. Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхан “биширч” байна. Түүнчлэн Junk news, populism-ийг хязгаарлах хуулийн зохицуулалтуудыг шинээр бий болгох, дордохын 7 өөрчлөлтөө өөрчлөх, ердийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа: Үндсэн хуульд зааж өгснөөр хууль хэрэгждэг, нийгмийн харилцаа сайжирдаг, амьдрал сайхан болдог гэж үзэх нь ташаа ойлголт юм. Иймээс аливаа асуудлыг Үндсэн хуульд тусгаснаас илүүтэй холбогдох хуулиудад нарийвчлан тусгаж, хүлээлгэх хариуцлагыг оновчтой зааж өгөх нь чухал юм.

 МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:  Мөнхийн маргаан, тэмцэл, зөрчлийн объект болох газар, байгалийн баялгийн зохицуулалт огт байхгүй зэрэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг бий болгож байна.

Иймээс дараах асуудлуудыг Үндсэн хуулинд тусгах:

-Засгийн газрыг тогтвортой, мэргэжлийн байлгах

-Намчирхлыг саармагжуулах

-Эдийн засгийн бүлэг бий болгох

-Төрийн албаны мерит системийг бий болгох

-Хянан шалгах Үндсэн хуулийн институт байгуулах

-Өрх гэр гэсэн бүлэг бий болгох хэрэгтэй.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бусад хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тодорхой болгомоор байна. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэг байна. Үндсэн хуулиар бий болгосон түр хороо гэж байгаа. Дэд хороодоо нэр зааж байгуулдаг. УИХ байнгын хороодоо байгуулдаг бол УИХ-ын дарга Хянан шалгах түр хороог байгуулах юм байна. УИХ-ын дарга захирамж гаргадаг болохоос түр хороо байгуулдаг хүн биш. Үүнийг засмаар байна. Түүнчлэн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад бусад хуульд ямар өөрчлөлт оруулахыг хармаар байна. Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн 5 яам, Үндсэн хуулийн бус 7 яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924, 1960 оны Үндсэн хуульд засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар 5 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан аж. Тийм учраас яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй.

 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button