Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд

Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны энэ сарын 18-ны өдөр хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой зэрэгцэн Төрийн ордонд түүнтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачилсан энэ хэлэлцүүлгийн үеэр Б.Хурцыг хүний эрхийн зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр оролцогчид буруутгаж байв. Тухайлбал, Д.Энхбат болон С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүл оролцож, хэрхэн хохирсон тухайгаа ярьсан юм.
УИХ-ын гишүүн албан хүргүүлэх үеэрээ “Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдын мафийн бүлэглэлийг зарлана” хэмээн мэдэгдэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Ерөнхий сайдад албан бичиг илгээлээ.
Мөн энэхүү албан бичигт сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзэж байгаа тухайгаа бичжээ.
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2017" наадам уламжлал ёсоор өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм.
ШИЛДЭГ ТАМИРЧИН, БАГ
- 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
- 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
- 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай
- 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
- 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
- 2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
- 2017 оны шилдэг баг: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ
- 2017 оны шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (Шигшээ багийн жүдочид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
- 2017 оны шилдэг дасгалжуулагч: Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
- 2017 оны шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
- 2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч : Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
Оллоо.мн