БХБ-ын сайдын зөвлөх Л.Ганбаатар барилгын жижиг компаниудыг шахах “төлөвлөгөө” боловсруулсан уу

Барилгын салбар хэзээ сэргэх нь мэдэгдэхгүй хямралтай байна. Зах зээл дээр эзнээ хүлээсэн барилгууд мянга мянгаараа зарын сонины хуудсуудыг “чимсээр” байна. Яг энэ үед барилгын салбарт хамаарал бүхий нэгэн шийдвэр гаргахаар зэхжээ. 

Шинэхэн сайд ажлаа авангуутаа барилгын салбарынхнаа хэд хэдэн удаа хүлээн авч уулзсаны дараа уг шийдвэрийг гаргасан гэх. Энэ нь Монголын барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд нэгдэн сургалт явуулах, зэрэг дэв тогтоох, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тухай асуудал юм. Нэг үгээр  Төрийн байгууллагын зохион байгуулах зарим чиг үүргийг ТББ-ууд хэрэгжүүлэхээр болсон байх нь. Энэхүү ТББ-д Монголын толгой барилгын компаниуд багтсан тухай эх сурвалжууд бичиж байна. Нэг үгээр ажлын туршлага гэгчээр халхавч хийн томоохон компаниудад хэтэрсэн эрх мэдэл олгохоор зэхэж байгаа нь энэ.  Энэ тухай Барилга хот байгууллалтын сайдын зөвлөх Л.Ганбаатар  сайдын өгсөн үүргийг биелүүлж байна хэмээсэн байх юм. Төрийн байгууллага өөрийн чиг үүргийн дагуу хийх ажлаа хувийн компаниудад шилжүүлэх нь хэрэг зохистойг салбарын сайд Х.Баделханаас асуумаар байна. 

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад өгөх жишиг бий. Гэхдээ хувийн эрх ашиг, танил талаа хараад үйл ажиллагааг нь салгаж төрийн бус байгууллагуудад тарааж өгвөл барилгын салбарын нэгдсэн бодлого, нэг цэгийн үйлчилгээ бүр мөсөн устах нөхцөл бий болно. Яг ийм нөхцөл үүсэхэд бэлэн болчхоод байгааг барилгын жижиг компаниуд шүүмжилж эхэллээ. Учир тэднийг зах зээлээс гаргах "төлөвлөгөөг" БХБ-ын сайдын зөвлөх Л.Ганбаатар боловсруулсан гэх хардлага хүчээ авч байна. 

 

П.ГОО
Оллоо.мн 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button