Чөлөөтийнхний “Нэг сэтгэл”

ДАШТ-ий мөнгө, оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23 настайдаа зодог тайлсан. Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргасанаас болж, бугалаганы яс элэгдэн ясанд үрэвсэл үүссэн аж. Энэ нь түүний амь насанд нь аюул учраад байгаа бөгөөд БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон.

\

Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд түүнтэй хамт мөр зэрэгцэн хүчин зүтгэж тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон “Нэг сэтгэл” аяныг өрнүүлээд байгаа юм. Өчигдөр болсон МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр түүнд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг хувиасаа хандивласан бол БТСГ-аас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болжээ. Түүнчлэн арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид шагналын 10 мянган ам.доллараа Б.Оюунсүрэнд хандивлахаар болсон байна.

\

Монголын чөлөөт бөхийнхөн “Нэг сэтгэл”-тэй байж, Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд том хувь нэмрийг оруулж чадлаа.

 

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button