Энэ оны урлаг, спортын онцлох үйл явлууд

Оллоо.мн мэдээ мэдээллийн сайт өнгөрсөн онд тохиосон урлаг, спортын онцлох үйл явдлуудыг хүргэж байна

Д.Өлзийбаатар, Ц.Санчир нарыг төр соёрхлоо

 
Түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээсэн нь оны онцлох үйл явдлуудын нэг байлаа.

Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.

 

Мисс Ц.Энхжин Дэлхийн миссийн шилдэг 15-д шалгарлаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Дэлхийн мисс-2017" 67 дахь удаагийн шалгаруулалт Хятадын Санья хотноо болсон билээ.

Манай улсаас “Дэлхийн мисс-2017” тэмцээнд мисс Ц.Энхжин оролцож , сүүлийн шатны шалгаруулалтад шилдэг 15 орны миссийн нэгээр шалгарсан ба ард түмний миссээр тодорч амжилтыг үзүүлсэн юм.  Ц.Энхжингийн хувьд  Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны магистр хамгаалж, эх орондоо өөрийн компаниа байгуулан ажилладаг байна. 

Б.Шижирбат “Asia's got talent” шоунд дөрөвдүгээр байрыг эзлэв

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent” шоунд амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан энэ оны онцлох үйл явдлуудын нэг байв.

Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр "Алтан баззер”-ын эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан билээ. Хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан юм. 

 

МУГЖ Г.Ариунбаатар “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэллээ

МУГЖ Г.Ариунбаатар “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзлэв. Харин ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. 

 

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдсөн. 

Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёржил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдааны финалд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дууллаа.

 

Дэлхийн сонгодог урлагийн тэмцээний финалын шатанд  монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болсон нь энэ.

 

Спортын түүхэн амжилтууд 

 

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн жил ДАШТ-ээс найман медаль хүртсэн дээд амжилтаа энэ онд шинэчлэн тогтоож, 14 болгов. Тодруулбал, 2017 онд шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртжээ.

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ээс хоёр алт, таван мөнгө, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, нэг мөнгө, хүрэл медаль авчээ. Мөн шигшээ багийнхан Оюутны Универсиад наадмаас нэг алт, хүрэл, Азийн танхимын наадмаас нэг алт, хүрэл, Азийн АШТ-ээс найман алт, 10 мөнгө, 14 хүрэл, Их дуулга тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрөв, гранпригаас зургаан алт, таван мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2017 оныг үдэж байгаа гэнэ.

Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд олон улсын чанартай 66 тэмцээнд оролцож, нийт 35 алт, 29 мөнгө, 57 хүрэл медаль хүртжээ. Үүнээс жүдо 12 алт, 12 мөнгө, 27хүрэл, чөлөөт бөх таван алт, таван мөнгө, 16 хүрэл, хүндийн өргөлт зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл, пара пауэрлифтинг хоёр алт, нэг мөнгө, бокс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, таеквондо хоёр мөнгө, гурван хүрэл, хөнгөн атлетик гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, пара таеквондо дөрвөн алт, нэг мөнгө, хүрэл медаль авчээ.

Үндэсний шигшээ багийн тамирчдаас жүдочид Монголын спортын түүхэнд байгаагүй олон медалийг ДАШТ-ээс нэг дор хүртсэн бол М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын төрлийн ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. Мөн Б.Ачбадрах цанын "Б" зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл, пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа Монголын пара спортын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга болсон. Түүнчлэн 3×3 сагсан бөмбөгийн баг тамирчид Азийн АШТ-д түрүүлсэн анхдагч амжилтыг тогтоов.

Энэ онд Үндэсний шигшээ багаас хоёр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Д.Сумъяа, П.Орхон, Б.Мөнгөнчимэг, Г.Одбаяр, Д.Отгонцэцэг нарын дөрвөн гавьяат тамирчин төрөн гарчээ.

 

Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон хүртээлээ

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингисийн одон гардууллаа.

Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпоос алт, 2012 оны Лондоны олимпийн мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль хүртсэн Монголын жүдо бөхөд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин юм.

Өнгөрсөн онд Монгол улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Чингисийн одонгоор шагнасан билээ.

Чингисийн одонг Монголын төр, нийгэм, соёл, урлаг, спортод гавьяа, зүтгэлтэй ажилласан эрхмүүдэд олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад анхны одонг 2005 онд гардуулж байв. 

 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button