Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг өөрчилнө

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүлжээ. Эхний ээлжинд 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөхөөр АТҮТ-ийнхэн ажиллаж байгаа аж.
Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байна.
Монгол Улсад 1990 оноос өмнө зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг байжээ. 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон юм.
Зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байна.
Б.Орхон