М.Мөнхбаатар: “Монголын Зэс” корпораци Засгийн газартай албан ёсоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй

"Монголын зэс" корпорациас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Монголын Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “ Өчигдөр Засгийн газрын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж, манай компанийг Засгийн газартай гэрээ хэлцэл хийсэн мэтээр мэдээлсэн. “Монголын Зэс” корпораци Засгийн газартай албан ёсоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө  манай өмчийг нийгэмчлэх тогтоол гарсан нь хууль бус юм гэдгийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Дээд шүүх хуралдаанаар батлагдсан. 

Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт гэнэт хурал хийж, шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн амлалттай холбоотой. Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор энэ шийдвэрийг гаргана гэсэн улс төрийн амлалтаа биелүүллээ. Дээд Шүүхийн шийдвэрийг давж, түүнийг үгүйсгэсэн байдлаар Засгийн газар шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Нэг намын нэг парламентаас байгуулагдсан хоёр Засгийн газар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь дахиад өмч хурааж байгаа үйл ажиллагаа болж байна.  Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу мөнгөөр авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн агентлагуудад бий. Бид бүхэн Монгол Улс болон ОУ-д хэрэгжиж байгаа хууль тогтоомж гэрээ хэлцлийн дагуу энэ худалдан авалтыг хийсэн тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Санхүүжилт ч мөн ялгаагүй Монгол Улс болон ОУ-д хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу хийгдсэн. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Манай компанийн зүгээс УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй байгаа гэдгээ 2017 оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ний өдөр манай талд шийдвэр гарсан. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Үүнтэй холбоотойгоор бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 27-нд хүсэл тавьсан. Үүнтэй холбоотойгоор ажлын сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж, үйлдвэрийн тогтвортой ажиллахад тулгамдаад байсан асуудал шийдвэрлэсэн. Манай компани өнгөрсөн хугацаанд хууль дээдлэх зарчмаар ажиллаж ирсэн” гэлээ.

Төр, хувийн хэвшил харилцан тэгш эрхтэй асуудлыг шийдэх ёстой

\

 

"Монголын зэс " корпорацийн өмгөөлөгч н.Батбаяр "Үүсээд байгаа асуудлыг хуулийн талаас нь харах юм бол 51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшигч хувийн хэвшил хоёрын хооронд дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудалд төр, хувийн хэвшил харилцан тэгш эрхтэй асуудлыг шийдэх ёстой.

Өчигдрийн Засгийн газрын шийдвэр бол төрөөс хувийн өмчийг хууль бусаар хурааж авсан нийгэмчлэх агуулгатай шийдвэр гарчээ гэж үзэж байна. Нийгэмчлэх асуудал бол хууль зүйн хувьд өөр дүрэм журамтай. 

Манай харилцагч 51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшигч хувийн хэвшил ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэдгийг мэдэгдэж байгаа. Энэ удаад нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээрээ 49 хувийн компанийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тийм учраас харилцагчийн зүгээс иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно" гэлээ.

Хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна

"Монголын зэс " корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Бид Засгийн газрын шийдвэрийг улстөрийн амлалтаа биелүүлэх зорилгоор нийгэмд сайн сайхан зүйл хийж байгаа гэж харуулах үүднээс хийсэн хийсэн гэж харж байна. Өнөөдрийг хүртэл бид Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хийх уулзалт дуусаагүй гэж бодож байсан. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулаад хүчингүй болгож байна. Эдгээр хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна. Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал "Монголын зэс корпораци" ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм" гэлээ.

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button