Агаарын бохирдлын асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байна гэв

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ.

\

Тогтоолын төслийн эцсийн найруулгыг уншиж танилцуулсны дараа “Ажлын хэсэг цаг хугацааны нэлээн шахуу нөхцөлд тодорхой бодлого, чиглэл, шийдвэрийг гаргаж байгаа. Анхнаасаа Байнгын хороо ингэж тогтоолын төслийг боловсруулж, хоёр байнгын хороо хамтарч хэлэлцлээ. Хамгийн гол нь энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдийг шуурхайлах нь чухал. Та бүгдийн мэдэж байгаачлан 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр УИХ-ын даргын захирамж гарч агаарын бохирдлын асуудлаар өмнө нь энэ чиглэлээр гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлт, явц байдалд дүгнэлт хийж, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсныг Ё.Баатарбилэг гишүүн ахлан ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг баталсан хуваарийнхаа дагуу нэгдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн их байгаа газруудад мэргэжлийн байгууллагынхантай хамт ажиллана. Мөн энэ Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан санал дүгнэлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үүний үр дүнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээс гадна нийслэлийн хөрс, усны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага үүссэн болохыг, мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд аймгийн төвүүд, төвлөрсөн суурьшлын бүсүүдийн хэмжээнд агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тодорхойлон УИХ-д холбогдох материал, мэдээллийг танилцуулсан” гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг УИХ-д ирүүлсэн гэдгийг дурдаад Ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн орчныг судлаад Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүйг танилцуулсан болохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдэд мэдээлэв. Гэхдээ УИХ, Засгийн газар болон орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэсэн. Агаарын бохирдол тэр дундаа утаатай төр засгийн байгууллагуудаас гадна бүх нийтээр тэмцэн, эргэлт гаргахуйц арга хэмжээг хэрэгжүүлснээр үр дүн гарах нь ойлгомжтой гээд “Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Батлагдсан тогтоолоор агаарын бохирдлын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ төрлийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог  чангатгасан зохицуулалт бүхий холбогдох төслүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 10-наас өмнө УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл өгсөн. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлын байнгын хороодын гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, явцын талаар хоёрдугаар сарын 01-ний дотор Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэг хүлээж байна.

Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах шаардлагатай учир үүнийг ажлынхаа төлөвлөгөө, хуваарьт оруулах нь зүйтэй гэдэг саналыг Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгт хэлье. Онцолж хэлэх өөр нэг зүйл гэвэл агаарын бохирдлын асуудлаар гаргасан энэ шийдвэрийн дагуу Засгийн газар тодорхой шийдлийг олж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэн үр дүн гаргах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа юм. Гаргасан шийдлээ ойр ойрхон өөрчилдөг байдлаас үүдэн урьд өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар ч үр дүнд хүрдэггүй” хэмээн анхааруулсан юм.

УИХ-ын дарга төгсгөлд нь нүүрснээс шингэн болон шахмал түлш үйлдвэрлэх ажлуудыг эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч, ажиллах шаардлагатайг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button