Булган аймагт шүлхий илэрчээ

Булган аймгийн Рашаант сумын хоёр, гуравдугаар багийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Өвчний голомт илэрсний дагуу тус сумын Засаг даргын нэгдүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар цээрийн дэглэм тогтоож, сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас долоон албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.
Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан хаагч, Рашаант сумаас дөрвөн иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр нэг фургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байна.
Б.Орхон