“Ботокс” тариа гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхаарууллаа

Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогджээ. Мөн шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.
Иймд иргэдийг гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд хийлгэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай байдаг аж. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг ба хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг анхааруулж байна.