Д.Энхтуяа: Эцэг эхчүүд хүүхэддээ дур мэдэн антибиотик өгөхөөсөө өмнө эмчид хандаарай

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны "Эрүүл оршихуй" өрхийн эмнэлгийн эмч Д.Энхтуяатай ярилцлаа.
-Хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Танай өрхийн эмнэлэг хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед гарч байгаа ТТТӨ өвчин бол ихэнхдээ аденовирус,энтеровирусүүд хоорондоо холимог шинжтэй үүсгэгдэж байна.Одоогийн судалгаанаас харахад энэ жил томуугийн вирусын дэгдэлт багатай ч хоруу чанар ихтэй байгаа. Сүүлийн 7 хоногийн байдлаар манай өрхийн эмнэлэгт үзүүлж байгаа нийт хүмүүсийн 3,7 хувь нь ТТТӨ-р өвдсөн насанд хүрэгсэд болон хүүхдүүд ирж байна. Энэ нь бас утаатай маш их холбоотой. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 8-аас эхэлж ажлын өдрүүдэд уртасгасан цагаар оройн 19 цаг хүртэл, Бямба гарагт 10.00-14.00 цагуудад ажиллаж байгаа.
-Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Тэгвэл энэ үеэр эмч нар айл өрхүүдээр орж үзлэг хийдэг үү, эсвэл эмнэлэг дээрээ ажиллаж байна уу?
-Амралтын өдрүүдэд ганцхан эмч сувилагч байгаа болохоор амбулаторийн үзлэг хийнэ. Гэрээр очиж үзэх үзлэгүүд ажлын өдрүүдэд үдээс хойш явагдаж байна.
-Ханиад томууны дэгдэлтийн үед өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг. Ачаалллыг бууруулах талаар танай зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай өрхийн эмнэлэг 6 эмч,6 сувилагчтай. Бид хорооныхоо нийт 14200 хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өвчлөлийн ид ачааллын үед бид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Үүнд: эрсдэлт бүлгийн хүмүүс болон ахмад настан, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг гэрээр нь очиж үздэг .Одоо ачаалал харьцангуй буурч байна. Харьяа нутаг дэвсгэрт байдаг сургууль, цэцэрлэг, албан байгууллага,худалдааны төвүүдэд 6 удаагийн сургалт,өдөрлөг,сурталчилгааг эмч сувилагч ажилчдынхаа тусламжтайгаар явууллаа.
-Танай хороонд 0-5 насны хэчнээн хүүхэд байдаг вэ. Энэ насны хүүхдүүд ханиад томууны өвчлөлд өртөмтгий байгаа юм шиг санагддаг?
-Манай өрхийн эмнэлгийн 0-5 насны нийт 1643 хүүхэд байдаг. Үүнээс 0-3 насны хүүхдүүд ихэвчлэн их өвдөж ирж байна даа. Сүүлийн үед давтан ирж байгаа хүүхдийн тоо ихэссэн, үүнд нь эцэг эхчүүд эмч нарын өгсөн зөвлөгөөг биелүүлэхгүй, асаргаа муу байгаатай холбоотой байна.0-5 насны хүүхдүүд өндөр халуурах,бөөлжих, хоол хөхөндөө дургүй болох, амьсгал олшрох, гэдэс өвдөх, гүйлгэх, ханиалгах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмчдээ хандмаар байна.
-Нэг өрхийн эмчид 2000 хүн ноогддог гэх стандарт байдаг. Энэ стандарт мөрдөгдөж чадаж байна уу?
-Ерөнхийдөө өрхийн эмнэлгийн 1 эмчид 1500-2000 хүн ам байх ёстой ч одоогоор доод тал нь 2300-с дээш хүн амд нэг эмч сувилагч үйлчилж байна. Цаашид өрхийн орон тоо, төсвийг хүн амтай нь харьцуулан тогтоовол яг стандартын дагуу үйлчлэх боломжтой болно.
-Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гараа маш сайн угаана. Хувийн ариун цэврийн маш сайн сахимаар байна. Үүнийг эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ зааж сургах хэрэгтэй. Өрөө тасалгаагаа чийгшүүлэх,агаарын солилцоо хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх илчлэг өндөртэй хоол тэжээл идэх, мөн биеийнхээ дархлааны тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Дулаан хувцаслах гадуур явахдаа амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Ханиад хүрлээ гээд эцэг эхчүүд шууд л бие биенээсээ асуухгүй, дур мэдэн антибиотик уухгүйгээр эмч дээр ирж зөвлөгөө авах шаардлагатай. Мөн хүүхэддээ цэгэн иллэгийг хийж сурах нь их үр дүнтэй хялбар арга юм.
П.Гоо
olloo.mn