“ДЦС-4” ТӨХК-ийн осол 27-хон настай залуугийн амийг авчээ

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 67.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60.3 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр болох “ДЦС-4" ТӨХК-д өнгөрсөн долоо хоногт осол гарч, цэл залуухан 27 настай ажилтан нь амиа алджээ. Энэ талаар тус станцын удирдлагууд нэлээд нууцалж буй бололтой. Гэвч осол болсон өдөр талийгаач болсон залуу нь уурын турбин нь буудаснаас үүдэлтэйгээр боолтонд оногдсон хэмээн эх сурвалж хэлж байгаа юм.
Уг нь “ДЦС-4” долоон турбинтай гэнэ. Тэдгээрийн нэг нь хагарсан бөгөөд ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан байжээ. Тодруулбал 75.000 цаг ажиллах ёстой турбиныг 144.000 цаг ажиллуулчихсан гэсэн үг. Тиймээс нэгэнтээ ашиглалтын хугаацаа нь дуусч, үеэ өнгөрөөчихсөн турбин хэзээ ч буудаж мэднэ гэдгийг тус байгууллагынхан мэдэж л байсан байж таарна. Гэвч тодорхой арга хэмжээ авахгүй байснаас гэнэтийн осол гарч, ийн нэг залуугийн амийг авч оджээ. Түүнчлэн энэ удаа хагарсан гэж байгаа турбиныг солих шаардлагатай байгааг удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүд нь мэдэж байсан бололтой. Харамсалтай нь хөрөнгө, мөнгийг нь шийдэхгүй байсаар ийм эмгэнэлт байдалд хүргэсэн аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээллэх болно .
Өглөөний сонин