Охидын шигшээ багууд ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан Монгол Улсын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багууд энэ онд болох хөлбөмбөгийн ААШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ базаасаар байна.
Хэдийгээр хөлбөмбөгийн ногоон талбай цасанд хучигдсан ч охидын шигшээ багийнхан маань бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй базаасаар байгаа аж. Манай 16 хүртэлх насны охидын шигшээ баг өнгөрөгсөн жилийн тавдугаар сард Зүүн Азийн АШТ-д оролцож, “С” ангиллынхан дундаа хожил, тэнцээ байгуулан түүхэн дэх анхны албан ёсны оноогоо авсан.
Тэгвэл энэ оны есдүгээр сард 16, 10 дугаар сард 19 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. 16 хүртэлх насны охидын шигшээ багийн бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй бөгөөд ирэх тавдугаар сарыг хүртэл Монголын хамгийн шилдэг өсвөрийн эмэгтэй хөлбөмбөгчид охидын шигшээ багт багтахын төлөө шаргуу бэлтгэл хийх юм.