Банкны хүндрэлээс үүссэн хохирлыг Хадгаламжийн даатгалын сан хариуцна

УИХ-ыг чуулганы өчигдрийн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.

 

Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банкны хүндрэлээс үүссэн хохирлыг Хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын түвшинд биелэх чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулав. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжлээ.

 

П.ГОО

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button