Гишүүд Оюунтолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулах санал гаргав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулмаар байна. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлыг сайжруулж явж байсан. Ажлын хэсэг 1.8 тэрбумын зөрчил илрүүлэхэд Дубайн гэрээгээр байхгүй болгосон. Айлчлал хийгээд гаднаас 500 сая ам.доллар олж ирлээ гээд баярлаад байна. Гэтэл өөрийнхөө газар нутаг дээр ажиллаж байгаа компани нь зөрчил гаргаад байхад ажилладаггүй. Тагнуул, цагдаа оруулаад УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая” гэсэн санал гаргасан юм.

Мөн үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Д.Тэрбишдагва гишүүний гаргаж байгаа Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаа. УИХ-ын дэд дарга та байнгын хороо руу түлхчихлээ. Байнгын хороо руу түлхэж хэрэггүй. УИХ цаг алдалгүй ажлын хэсэг гаргаад Оюутолгойтой холбоотой асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Үүнийг бид 2008 оноос хойш ярьж байгаа. Гурван яамны сайдын тушаалтай ажлын хэсэг гараад 2 тэрбумын зөрчил луйвар байна гээд тогтоочихсон. Энэ нь нэмэгдээд 3,5 тэрбум ам.долларт хүрсэн. Өөрсдийнхөө эрдэнэс баялгаа гадныхан сул тавьж өгчихөөд зүгээр сууж таарахгүй” гэлээ.

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button