Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрөгч долоо хоногийн хувьд нийгэмд багагүй хүлээлт үүсгэж байсан Донорын тухай хууль батлав. Мөн Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Донорын тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа аж.
Тиймээс иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн төсөлд тархины үхжилттэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудлыг тусгасан. Тодруулбал, тухайн иргэн амьд сэрүүндээ “Би тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр хэн нэгэн эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болно” гэсэн баталгаагаа 25 насандаа эрүүл мэндийн байгууллагад гаргаж өгөх юм.
УИХ-ын дарга Вьетнам Улсыг зорилоо
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо
Харин өнөөдрөөс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга БНСВУ-д ийнхүү 8 жилийн дараа айлчлах гэж байгаа юм.
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэн шийдвэрлэв
Тодруулбал, тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэсэнгүй
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УДШ-д боллоо. Өнгөрсөн 12 дугаар сард МАХН-ын их чуулган хоёр талд хуралдаж, Төрийн ордонд хуралдсан төлөөлөгчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг сонгосон юм. Харин Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзав.
П.ГОО
Оллоо.мн