Уяачид аа, өвөл ч бас эрийн гурван наадам зохиох уу

Уг нь Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаа юм. Төрийн ордонд хэтэрхий олон уяачид заларч байгаа учраас асуудал ийн гацчихав. Тэдний зугаа цэнгэл мал хүүхэд хоёрыг тамлан зовоохоос дээгүүрт яригдах учраас өнөөдрийг хүртэл асуудал хойшлогдсоор байгаа нь энэ юм. Уг нь Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдүүдээр морь унуулж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг Монгол Улсын Дээд шүүх нотолсон.
Өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гарчихаад байхад “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулсан. Энэ жил ч мөн уяачид Монгол Улсыг хууль шүүхтэй гэдгийг таг мартаж, эрдэнэт хүлэг, ирээдүй хойш болсон бяцхан үрсийнхээ амь насаар дэнчин тавьж зугаацан цэнгэхээр зэхэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд өвөл, хаврын морин уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын баримт бичгүүд болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, мөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг дагаж мөрдөх үүднээс ХНХ-ын сайд С.Чинзориг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болдог буюу өвөл, хаврын морин уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглоод байгааг дуулгасан.
Мөн Морин уралдааны 1803-1920 оны түүхэн материалтай танилцаж, монголчууд өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир цагт морио уралдуулдаггүй, хүйтний улиралд балчир хүүхдээр морь унуулан уралдуулдаггүй байсныг судалж мэдсэнээ Бүх нийтийн боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан хэллээ. Түүний үзэж байгаагаар орчин цагт хүүхдүүдээр морь унуулан өвөл, хаврын уралдааныг тогтмол явуулж байгаа нь соёлын өвийг хадгалан үлдэх зүтгэл гэж хэлэхэд учир дутагдалтай аж. Тиймээс унаач хүүхдүүдийг сургууль завсардах, эрүүл мэндээ алдах эрсдэл рүү түлхэхийн эсрэг Засгийн газар санаачилга гаргаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Гэвч энэ тухай асуудлыг уяачид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байна. Иймээс Шадар сайдын зүгээс өвөл, хаврын хурдан морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмэх тухай Засгийн газрын тогтоол боловсруулж байгаагаа дуулгалаа. Өвлийн уралдааныг хориглох яриа ийнхүү унаач хүүхдүүдийн насыг нэмэх тухай асуудал болон замхрах нь. Тэгвэл нэгмөсөн Монголчууд өвөл хавартаа эрийн гурван наадам зохион байгуулдаг болчихвол яаж байна. Эрхэм уяачид нь ч бас зодог шуудаг өмсөөд хаврын хавсрага, өвлийн хүйтнийг үл ажран дэвж, унаж, давбал сүртэй харагдаж бус уу?