О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Тэгвэл энэ асуудлаар О.Баасанхүү гишүүн дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Дээд шүүхийн шийдвэрийг бичгээр би аваагүй байна. Нарийн зүйл ярьмааргүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бадарчин баярлах болоогүй” гэсэн юм.
Харин МАХН-ын нэр бүхий гишүүд Дээд шүүхийн шийдвэрийн дараа түүнийг намаасаа хөөж байгаа талаар “Намайг МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа хэлж байна. МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан. Манай намын удирдлагууд олон нийтэд намайг гэмт хэрэгтэн гэж зарласан. Би гэмт хэрэгтэн биш. Намайг МАХН-ын эгэл жирийн гишүүд сонгосон. Дээд шүүх намын эгэл жирийн гишүүдийн шийдвэрийг хүчингүй болгох эрх байдаггүй” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн