2013 оноос хойш 190 мянган иргэн газраа өмчлөн авчээ

Газар бол мөнхийн сэдэв. Дэлхий сүйрч, хүн төрөлхтний ашиг сонирхол үгүй болчихгүй л бол газрын төлөөх тэмцэл өрнөсөөр л байх болно. Дээр нь газар хэмээх хөрөнгө хамгийн үнэт капитал. Үүн дээр бүтээн байгуулж, тариалан эрхэлж, хөрсөн дороос нь баялаг олборлож болно. Үүнийг дагаад хамгийн оновчтой байрлалд газартай болох хүсэл нь дээр дурдсан ашиг сонирхлын үндсэн агуулга юм.

Монголчууд азтай хүмүүс. Учир нь 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай, тэгсэн хэрнээ гуравхан саяулаа. Гэхдээ Монгол Улсын хүн амын тал нь 4,700 км хавтгай дөрвөлжин талбай бүх Улаанбаатар хотод амьдардаг. Иймд нийслэл дэх газрын ашиг сонирхол, өрсөлдөөн, түүнийг эзэмших хүсэл тэмүүлэл бусад бүсийнхээс хавьгүй их. Энэ хэрээр газартай холбоотой маргаан, хэл ам тасарна гэж үгүй. Гэтэл энэ бүхний зохицуулалт нийслэл, дүүргийн газрын албадын нуруун дээр буудаг. Харин олон нийтийн дундах мэдээллийн зөрүүтэй ойлголт, удаан жил хуримтлагдсан төрийн албаны ажиллах зарчим зэрэг нь иргэд болон газрын албадын хооронд зөрчил үүсгэж буй гол нөхцөл юм.

Иймд Нийслэлийн Газрын алба, НИТХ хамтран Улаанбаатар хотынхонд өнгөрсөн хугацааны ажлын тайлан, хэтийн төлөвлөгөөгөө танилцуулж, газрын маргаантай холбоотой асуудлаар санал бодлоо солилцох зорилготой “Олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд болсон бөгөөд ирсэн хүмүүст Их танхимын суудал хүрэлцэхгүй байсан юм. Хэдийгээр гадаа -30 хэмийн хүйтэн байсан ч газрын тухай үзэл бодлоо илэрхийлж, зарим маргаантай асуудалд холбогдох албаныхны үгийг сонсохоор зорин иржээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн газрын албаны дарга, мэргэжилтнүүд, НИТХ-ын төлөөлөгч нар, УИХ-ын гишүүд, газрын менежментийн эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, иргэдийн асуултад хариуллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун илтгэл тавьж, албаныхаа ажлын тайлан, энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэрбээр “Өнгөрсөн онд НИТХ-аас нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан ба үүний хүрээнд 496 төсөл хэрэгжүүлэхээр тусгалаа. Тухайлбал, “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” хөтөлбөрт эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох 102, өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох 109 ажил багтсан. Мөн “Тохилог орон сууц тухтай амьдралын үндэс” хөтөлбөрөөр гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, барилга, байгууламжийг буулган шинэчлэн барилгажуулах юм. “Найдвартай дэд бүтэц хөгжлийн тулгуур” хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, цэвэр ус, дулаан  болон цахилгаан хангамж, холбоо мэдээлэл, хөрсний ус зайлуулах систем, үерийн хамгаалалт зэрэг 78 ажил хийнэ. Түүнчлэн “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгох олон чухал ажил хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Харин иргэдийн зүгээс Газрын албанд хандаж, өнгөрсөн хугацаанд энэ салбарт гарсан гажуудлыг нэн даруй засаж, залруулахыг хүсэж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн, өндөр настан Б.Хорлоо “Би Баянзүрхийн товчооны дэргэд амьдраад 10 гаруй жил боллоо. Энд миний үр хүүхэд, ач зээ ч амьдардаг. Гэтэл 2015 онд бидний газрыг гэнэтхэн л булаасан. Блокон хашааг маань эвдэлж, нүүрсний амбаарыг нураасан. Өмнө нь хэлж мэдэгдэлгүй байж байгаад тэр шүү дээ. Тэгсэн харин Өү Юү Жи гэдэг компани тэр газрыг орон сууцны барилга барих зориулалтаар өөртөө авсан байсан. Яагаад энэ олон хүн амьдарч байгаа газрыг өөр хүмүүст өгдөг юм бэ. Энэ захирамжийг хотын өмнөх удирдлага гаргасан юм билээ. Тэгээд одоо бид хэнд хандахаа ч мэдэхгүй байна. Өнгөрсөн аравдугаар сард хүйтэн, сэрүүн эхэлчихсэн байхад баахан хүмүүс ирж биднийг хөөж туусан. Нялх хүүхэд, тулга биетэй эх хүн ч байсан. Бид эсэргүүцэхэд зодож нүдсэн. Ямар нийгэмд амьдраад байгаа хэрэг вэ. Иймд та бүхэн засаг дамжиж ирсэн энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэж байлаа.

Мөн Баянгол дүүргийн 2-р хорооны иргэн Т “Би “Хилл сайд” орон сууцны 500 гаруй оршин суугчийн төлөөлөл болж энд ирлээ. Бид энэ байрнаас орон сууц худалдан авахдаа маш сайхан тохижилттой, цэцэрлэг, хүүхдийн тоглоомтой гэх сурталчилгаанд нь хууртсан. Харин одоо нөгөөх тоглоомын талбайд 16 давхар зочид буудал босчихлоо. Доод давхрын айлууд нар үзэхгүй, тоос шороо ихтэй, гаднах тохижилт гэх юмгүй. Тэгсэн чинь одоо байрны арын багахан талбайд гурван давхар оффис босгоно гэж байна. Эдэнтэй мэргэжлийн хяналтынхан ч үгсэн хуйвалдсан гэж үздэг. 2014 онд байрны урд талбайд барилга босгож эхэлсэн. Тэгэхэээр одоо энэ асуудлыг шийдвэрлэж, бидний эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна” гэв.

Яг ийм утга бүхий гомдол хэлж буй иргэн тун олон байлаа. 2016 оны сонгуулиас өмнө газраа алдсан. Сонгуулийн жил гээд дараа онд нь юу ч шийдүүлж чадалгүй өнөөг хүрсэн гэх иргэд Нийслэлийн Газрын албаны өнөөгийн удирдлагад гомдол саналаа бичиж өгсөн ба Газрын албаны дарга Э.Болорчулуун эдгээртэй нэг бүрчлэн танилцаж, нэн даруй судалж, шийдлийг тодорхойлно гэдгээ мэдэгдсэн.

Хэлэлцүүлгийн явцаас харахад, иргэд газар өмчлөх ажлыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгохыг хүсэх нь олонтаа тохиолдож байв. Тэгвэл Нийслэлийн Газрын албан энэ чиглэлээр чухам хэр ажил хийж амжуулав гэдгийг сонирхоход, иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян гурван сарын турш зургаан дүүргийн 53 хороонд хэрэгжсэн байна. Энэ хугацаанд 2571 иргэнд газар өмчлүүлсэн аж.

Харин өнгөрсөн онд газар өмчлөх ажил хэр ахицтай байсныг тоймлон хүргэвэл, 2017 оны эхний найман сарын хугацаанд 2,402 иргэний газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэжээ. Нэгэн зүйлийг онцлоход, айлууд гэр бүлээрээ нэг газрыг өмчилдөг байсан. Харин өнгөрсөн онд Газрын албанаас гэр бүлийн нэг гишүүндээ газар өмчлөх эрхээ шилжүүлсэн нийт 20,5 мянган өрхийн 65 мянган иргэнд дахин газар өмчлөх эрхийг нээж өгсөн байна. Мөн өмчиллийн газрынх нь кадастрын зураг өөрчлөгдсөн 550, шүүхийн шийдвэр болон өөрийн хүсэлтээр захирамж цуцлуулсан 78 иргэний хүсэлтийг хүлээн авч, газар өмчлөлийн захирамжинд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэжээ.

Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 2003-2017 оны хооронд нийт 190,2 мянган иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Нийслэлийн Газрын албанаас иргэдэд өмчлүүлэх боломжтой 79,9 мянган газар бий гэсэн судалгаа гаргасан. Тэгэхээр 2017 онд болон аяны хүрээнд өмчлүүлсэн газраас бусад талбарыг 2018 онд иргэдэд өмчлүүлэх шийдвэрлэсэн байна.

Х.Маргад
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button