Дэлхийн баялгийн 82 орчим хувь нь нийт хүн амын нэг хувьд төвлөрдөг

Швейцарийн Давост зохион байгуулагддаг олон улсын эдийн засгийн форумын урьтал болгож, “Оxfam” байгууллагаас уламжлал болгон гаргадаг тайлангаа нийтэллээ. Уг тайланд дэлхийн баян хүмүүсийн хөрөнгө нэг жилийн дотор өсөж, өдгөө дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нь бүх баялгийн 82 хувийг эзэмшдэг болохыг харуулжээ. Харин дэлхийн 3.7 тэрбум хүний хөрөнгө огт өөрчлөгдөөгүй байна.

“Оxfam”-ын тооцоолсноор тэрбумтнуудын нийт баялаг 2010 оноос хойш 13 хувиар өсчээ. Тэдний хөрөнгө дэлхийн дахинаа ажил эрхэлж буй энгийн ажилчид, албан хаагчдынхаас зургаа дахин хурдан өсөж үржжээ.

Уг баримтыг гаргасан зохиогчдын тайлбарласнаар манай гарагийн хамгийн хангалуун иргэд ажилчид, албан хаагчдын хөдөлмөрийн нөхцөл муудсаныг дагаад баяжиж байгаа гэнэ. Хөдөлмөрийн эрхлэгчдийн эрхийг боогдуулснаар томоохон бизнесийнхэн төрийн шийдвэрт үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлж, энгийн хувьцаа эзэмшигчдийн орлого өсчээ.

“Тэрбумтнуудын тоо өсөж байгаа нь эдийн засгийн өсөлттэй холбоотой бус. Харин ч эсрэгээрээ системийн алдагдлаас болсон. Хувцас оёдог, утас цуглуулж, хоол хүнс ургуулдаг, хямд бараа бүтээгдэхүүний тасралтгүй урсгал бүрдүүлдэг хүмүүс томоохон корпорациудын ашгийг нэмэгдүүлэхийн тулд мөлжлөгт орж байна” хэмээн “Оxfam”-ын гүйцэтгэх захирал Винни Бьянима мэдэгджээ.

Гэхдээ мөлжлөгт хөгжиж буй орны иргэд ч, АНУ-д хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ч адилхан орж буй гэнэ. Жишээлбэл, Вьетнамд л гэхэд оёдлын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд хэдэн сараар хүүхдүүдээ хараагүй байхад АНУ-д шувууны аж ахуйд ажилладаг эмэгтэйчүүд ажилдаа живх хэрэглэхээс өөр аргагүй болж байна. Учир нь ээлжийн ажилтай үед тэднийг бие засах газарт ч орохыг хориглодог болжээ хэмээн Бьянима мэдэгджээ.

2017 оны нэгдүгээр сарын дундуур “Оxfam” дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгийг дэлхийн нийт хүн амын 50 хувьтай харьцуулж байсан юм. “Оxfam”-ын шинжээчдийн тооцоолсноор дэлхийн ядуу 3.6 тэрбум хүн амын нийт хөрөнгө 426 тэрбум ам.доллар болсон нь нэг хүнд дунджаар 118 ам.долларын хөрөнгөтэй гэсэн үг юм. Гэтэл дэлхийн хамгийн баян найман хүн 426 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг байна. Тэдний тоонд Билл Гейтс 75 тэрбум, Амансио Ортега 67 тэрбум, Уоррен Баффет 60.8 тэрбум, Карлос Слим 50 тэрбум, Жефф Безос 45.2 тэрбум, Марк Цукерберг 44.6 тэрбум, Лари Эллисон 43.6 тэрбум, Майкл Блумберг 40 тэрбум ам.доллартай аж.

“ОхТат” байгууллага нь 1942 онд байгуулагдсан бөгөөд ядууралд өртсөн, жендэрийн тэгш бус байдалд орсон хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага жил бүр манай гарагийн хүн амын амьдралыг сайжруулах санал бүхий баримтуудыг нийтэлдэг билээ.

Өглөөний сонин

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button