Эрүүл мэндийн салбарын цахим төслүүдийг 15 жил гацаасан Х.Хүрэлбаатар гэгч хэн бэ

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилийн хугацаанд нэг ч цахим төслийг ашиглалтад оруулаагүй байна. Тус төслүүдийн хэрэгжилтийг Х.Хүрэлбаатар хэмээх нууц ноёнтон олон жилийн турш гацаасаар ирсэн тухай энэ салбарынхан ярьж байна.

Тэрхүү Х.Хүрэлбаатар гэгч нь хэн бэ?

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн ихэнх нь эмч нар учир цахим интернетийн талаар нарийн ойлголтгүй байдаг аж. ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Хүрэлбаатар гэгч нь үүнийг ашиглаж асар их мөнгө угаасан талаар салбарын учир мэдэх хүмүүс ярьж байх юм.

15 жилийн хугацаанд нэг ч төсөл дуусаагүй байгаа нь даанч харамсмаар…

Түүний хэрэгжүүлээгүй төслүүдээс дурдвал:

  1. 2004 онд Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран одоогийн Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт MedLand програм хангамж болон тоног төхөөрөмж нийлүүлэхээр 80.000 ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн байна. 13.000 ам.доллараар 15 ширхэг компьютер болон дагалдах тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд үлдсэн 67.000 ам.доллараар “Medland” програм хангамжийг бүтээж тус эмнэлэгт нэвтрүүлэхээр болжээ. Гэвч тус “Medland” програм хангамжийг 2007 оныг хүртэл нийлүүлээгүй учир аргагүйн эрхэнд Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь “Мон Ай Ти” ХХК-аас “e-Hospital” програм хангамжийг авч ашигласан байх юм. Програм хангамж бүтээхээр төсөвлөсөн 67.000 ам.доллар ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатарын халаасны мөнгө болж, Эрүүл мэндийн яамныхны Мэдээлэл технологийн мэдлэггүйг ашиглаж дараа дараагийн их хэмжээний мөнгөний ажлынх нь эхлэл болсон байна.
  2. 2007-2008 онд Белги улсын зээлээр Дорнод аймагт 4,6 сая еврогийн өртөгтэй Оношлогооны төхөөрөмж болон эмнэлгийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд оруулах зорилготой програм хангамж нийлүүлэх төсөл хэрэгжсэн байх юм.
Энэхүү төслийн хүрээнд  437.044 еврогоор Белги улсын “FSE and Cegeka” компани “C2M”програм хангамжийг 20 ширхэг компьютерийн хамт нийлүүлжээ. Гэвч “C2M” програм хангамж Монгол улсын эрх зүйн орчинд таарахгүйн улмаас нэг өдөр ч ашиглагдаагүй аж. Х.Хүрэлбаатар мэргэжилтэн тус програмыг хүлээж авчээ. Тэрээр програм хангамж ажиллаагүй талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэргэдэх Мэдээлэл технологийн зөвлөлд тайлбарлахдаа “Сангийн яам хүлээж ав гэсэн болохоор хүлээж авсан” гэсэн сонин тайлбар өгсөн байдаг!!!  437.044 евро тийм бага мөнгө гэж үү? Эсвэл Х.Хүрэлбаатарт ашигтай байв уу?

 

  1. 2011 онд ЭМЯ, Глобал сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМЯ-ны Цус судлалын үндэсний төв /ЦСҮТ/-д Донорын бүртгэл болон цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах зорилгоор 78.000 ам долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. 2011 оны 6 дугаар сард “ИТС” ХХК-тай ЦСҮТ гэрээ байгуулж ажлаа эхлүүлжээ. 2012 оны 4 дүгээр сараас тестэнд орж, 2013 оноос ЦСҮТ-ийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн. Гэвч төслийн өртөг нь хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар 23.000 ам. долларын нэмэлт санхүүжилтийг “ИТС” ХХК дахин авснаар төслийн нийт санхүүжилт 101.000 ам.доллар болсон байх юм. ЦСҮТ нь Лабораторийн тоног төхөөрөмжөө програмд холбуулах шаардлага тавихад “Танай төхөөрөмжүүд программанд холбогдох боломжгүй” гэсэн тайлбарыг Х.Хүрэлбаатар мэргэжилтэн өгчээ. Тус төсөлд хяналт тавих ёстой хүн нь шүү дээ.
Судлаад үзэхээр 1998 оноос үйлдвэрлэгдсэн Лабораторийн тоног төхөөрөмжүүд нь HL7, ASTM гэсэн стандартуудаар програм хангамжтай холбогдож ажиллах боломжтой байх юм. Эсвэл Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг ганц төв нь 1998 оноос хойш үйлдвэрлэгдсэн нэг ч лабораторийн аппаратгүй гэж үү? Үгүй л баймаар юм.

ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатар “ИТС” ХХК-ийг өмөөрөх шалтгаан нь өөрийн багийн хоёр хүнээ Глобал санд оруулж, өнөөдрийг хүртэл Глобал сангаас цалинжиж байгаа. “ИТС” ХХК нь “Ньюсоник” ХХК-ийн охин компани аж. “Ньюсоник” ХХК-ийн булхай дараа дараагийн баримтуудаар илүү тодорхой гарч ирэх болно.

  1. 2012 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Монгол улсын 0-16 насны хүүхдүүдэд чиглэсэн “Эрүүл монгол хүүхэд” нэртэй 17.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлсэн. Монгол Улсын бүх сум, өрхийн эмч нарыг уг програм дээр 2 сар ажиллуулсан боловч, програм нь дүнгээ гаргаж чадаагүйн улмаас энэ ажил бүхэлдээ үр дүнгүй болсон байх юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус программ хангамжийг “Нью соник” ХХК хийсэн гэх бөгөөд мэргэжилтэн Х.Хүрэлбаатараас тодруулахад “Тус төсөлд програм хангамжийн ажил хийгдээгүй” гэсэн тайлбар өгдөг.
202012 онд өрх, сумын эмч нар программ дээр үзсэн үзлэгээ оруулж хөлсөө авдаг байсныг  эмч нар ч ярьдаг. Программ инсталл нь одоо ч зарим эмнэлэгт байдаг хэдий ч программ хангамж ямар өртгөөр бүтсэн нь одоог хүртэл тодорхойгүй,программтай холбоотой бичиг баримт ЭМЯ-наас огт олддоггүй гэнэ.
  1. 2008 онд ЭМЯ өөрийн харъяалалын 15 эмнэлгээ шилэн кабелиар холбох 330.0 сая төгрөгийн өртөгтэй төсөл, үүнээс яг жилийн дараа ЭМЯ өөрийн харъяалалын 15 эмнэлэг, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг шилэн кабелиар холбох 3.3 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлжээ. Яг жилийн өмнө 15 эмнэлгээ холбочихоод бас дахиад шилэн кабелиар холбох ажил хийсэн байх юм. Гэвч эдгээр эмнэлгүүд шилэн кабельд найдвартай сүлжээгээр хангагдаагүй ба зөвхөн түрээсээр холбогдсон байдаг ба уг төслийг “Ситинэт” ХХК гүйцэтгэсэн байдаг.
Хэрвээ хувийн компани 50 салбараа холбох байсан бол 500.0 сая төгрөгөөр найдвартай сүлжээнд хангалттай холбох байсан. Эндээс харахад 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай төслөөр эмнэлгүүдээ найдвартай сүлжээгээр холбочихгүй үнэхээр сэтгэлгүй хэт шуналтай хандсан нь илт.

Тус төслөөр холбосон шилэн кабель нь түрээсийнх болохоор аймаг, дүүргийн эмнэлгүүд төслийн хугацаа дуусахад шилэн кабелийн түрээсийн зардал өндөр гэдэг шалтгаанаар ашиглахаа больсон байх юм. Хэрэв найдвартай сүлжээтэй байсан бол түрээс гэхгүйгээр л ашиглах байсан нь тодорхой.

  1. 2015 онд “Эмийн аюулгүй байдлын систем” нэртэй 5.0 тэрбум гаран төгрөгийн өртөгтэй төслийн тендерт “Ньюсоник” ХХК шалгарч, 2017 онд ажлаа хүлээлгэн өгчээ. Тус төсөл нь Монгол Улсын бүх эмийн сан, эмнэлэгт ашигладах ёстой ч одоогоор нэг ч газар хэрэгжээгүй л байна. Дашрамд хэлэхэд, “Ньюсоник” ХХК-ийн  охин компани нь “ИТС” ХХК гэсэн мэдээлэл тус тендерийн бичиг баримтанд байх юм. Мөн “Ньюсоник” ХХК, “ИТС” ХХК-ийн хийсэн програм хангамжууд нь Devexpress XAF ашиглаж бүтээгдсэн нь мэргэжлийн программистуудад илхэн байгаа юм.
  2. 2012 онд “Цахим эрүүл мэнд-1” нэртэй 18,950,000 ам.долларын төсөл эхэлснээр энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй ба юу хийсэн нь тодорхойгүй байна. Учир нь өндөр өртөгтэй төслүүдэд Х.Хүрэлбаатар заавал оролцдог. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Цахим эрүүл мэнд-2” 23.0 сая ам.долларын төсөлд ч мөн оролцож дэлхийн банкнаас цалинжиж байна. ЭМЯ-ыг төлөөлөн ажиллаж байгаа хүн нь нөгөө л Х.Хүрэлбаатар байх юм. Энэ төслийг л Х.Хүрэлбаатар битгий залгичихаасай.
Яагаад гэвэл Х.Хүрэлбаатар нь өөрт ашиггүй бага хэмжээний төсөвтэй төслийг олон жилийн турш хүлээн авахгүй царцааж, үр дүнгүй болгодог. Өөрт ашигтай ихээхэн хэмжээний төсөвтэй төслийг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлөөр оруулан ямар нэгэн байдлаар хүлээн авдаг. Хүлээн авсан төслүүд нь үр өгөөж муутайгаас гадна удахгүй замхарч алга болдог. ЭМЯ-ны нэгэн мэргэжилтний хувийн ашиг сонирхлын зөрчлөөс болж энэ мэт олон төсөл хөтөлбөр, татвар төлөгчдийн мөнгө, гадны зээл тусламжийн хөрөнгө мөнгө замхран алга болсоор байна.

Монгол Улсад Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 21 компани “МИТАМ” холбоог байгуулан нэгдэж бүгд л Х.Хүрэлбаатарын талаар ярьцгааж байх юм. ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатар оролцсон ажил 15 жилийн хугацаанд үр ашгаа өгсөн нь үгүй болохоор “МИТАМ” холбоо  “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлээсэй хэмээн хүсэх юм. Учир нь Монголын мэдээлэл технологийн шилдгүүд шүү дээ.

Ноён Х. Хүрэлбаатар та 3 сая хүний эрүүл мэндээр тоглож дуусах болоогүй юу?

Энэхүү албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа нэг ч зоригтой албан тушаалтан энэ салбарт байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Дараагийн дугаарт түрийвч нэгт хамсаатан, хамаарал бүхий хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийг нь танилцуулах болно…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button