Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаантай

Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн бөхийн барилдаан энэ сарын 28-ны өдрийн 14 цагаас МБӨ-нд болно. Энэ жилийн өнгийг тодорхойлж үндэсний их баяр наадмаар цолонд ойрхон байгаа болон цолоо ахиулах бөхчүүдийг шинжих энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Тухайлбал, чансаагаар тэргүүлж байгаа Улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Т.Баасанхүү тэргүүтэй нийт 38 харцага цолтой бөхчүүд барилдах юм байна.
Мөн барилдаанд улс аймгийн алдар цолтой чансаа дээгүүр бөхчүүд зодоглож сар шинийн өмнөх барилдааны өнгөө үзэж, уран мэхийг уралдуулна гэдгээрээ бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Г.Зул