Г.Занданшатар: Бие биенийгээ татаж унагадаг асуудал гарчихгүй бол Нефтийн үйлдвэртэй болно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Авто бензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, түүний үр дагавар цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

\

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Үнийн зөвлөлийнхөн нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх асуудлаар нийлүүлэгч талтайгаа хэдэн удаа хэлэлцээр хийсэн бэ? Ч.Чулуунбат дарга /УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга/ та, хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй шүү. Зөрчлийн тухай хуулиас болж нефтийн хомсдол үүссэн гэх мэт үлгэр ярьж болохгүй. Төрийн агентлаг газар хэлтсийн дарга нар дур мэдэн мэдээлэл хийдэггүй. Цаашид УУХҮЯ-ынхан ёс зүйтэй байх хэрэгтэй. Төрийн ажилд улс төрч байр сууринаас хандах хэрэггүй.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав: Нефть импортлогч компаниудтай нийт найман удаа уулзалт хийсэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байна. Засгийн газраас АИ92, А80 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн.

\

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газраас АИ92, А80 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн. "Өмнө нэг литр тутмаас 207 төгрөгийн алдагдалтай байсан бол татварыг буулгаснаар АИ 92 автобинзен дээр 30 төгрөг, А80 автобинзен дээр 65 төгрөгийн алдагдалтай борлуулна. Хоёрдугаар сарын хилийн үнэ өсөхөөр алдагдал нэмэгдэнэ. Алдагдал нэмэгдэхээр алдагдалтай үнээр зараад байх боломжгүй" гэсэн асуудлыг нефть импортлогч нар ярьж байна лээ. Тэгэхээр шатахууны татвар тэглэснээр асуудал бүрэн шийдэгдэхгүй. Цаашид яах вэ? Мөн нефтийн боловсруулах үйлдвэрийг Алтанширээтэд барина гэж байна. Энэ баттай юу. Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бараа нэмэгддэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

\

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Эхний ээлжид дотоодын үйлдвэрлэлийг нефтиэр хангана гэсэн зорилт тавьсан. Нефть боловсруулах үйлдвэр төмөр замтайгаа ойр байх ёстой. Энэтхэгийн Эксим банкны зээлээр хэрэгжинэ. Судалгаагаар Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барихаар ТЭЗҮ-ийг хийж байна. Бие биенийгээ татаж унагадаг  асуудал гарчихгүй бол Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Шатахууны үнийн нэмэгдэлтэй уялдаж зарим бараа үйлчилгээний үнэ тарифд өөрчлөлт ордог. Иймээс ШӨХТГ шатахууны асуудалд шалгалт хийсэн. Тухайлбал, такси үйлчилгээ эрхэлдэг 11 ААН-д шалгалт хийхэд үнэ тарифдаа өөрчлөлт оруулаагүй гэх албан ёсны мэдээлэл өгсөн. Үнэн тарифаа нэмэхгүй байх талд дээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хоёр гуравдугаар улиралд буурах хандлага ажиглагдаж байна. Цаашид Засгийн газар үнэ тариф хяналт тавьж ажиллаж байгаа.

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button