Красноярскын дэвжээнээс эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит 29 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болж, Монголын бөхчүүд таван хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д ОУХМ Зоригтын Болортунгалаг, Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медаль хүртлээ. Тэд бүгд “Алтан Гранпри”-гээс анх удаа медаль зүүцгээсэн юм.
Ингээд эхний өдөр манай медаль хүртсэн бөхчүүд Красноярскын дэвжээнд хэрхэн барилдсаныг хүргэе.
Ц.Цогбадрах 1/8 шигшээд Кыргызстаны Хуршид Парпиев, шөвгийн наймд Туркменистаны Меретмухамет Атаевыг нарыг тус бүр оноогоор цэвэр ялж, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга эзэн орны Азамат Тускаевт 0:7-гоор ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Барис Кайяг 5:1-ээр ялснаар анх удаа тус тэмцээнд оролцоод шагналын тавцанд зогссон юм.
Т.Түвшинтулга эхний даваанд АНУ-ын Кори Кларкыг 8:6-гаар ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын Исмаил Мусукаевт 0:7-гаар ялагдсан. Дагах барилдаанд Гүржийн Телмураз Ванишвилиг 3:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Аббас Рахмановыг 5:1-ээр тус тус ялж, “Алтан Гранпри”-гаас анхны медалиа зүүв.
Э.Даваачимэг тэгшитгэлд нутаг нэгт Б.Болор-Эрдэнийг 4:0-ээр, 1/8 шигшээд ОХУ-ын Наталья Абзаловаг цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Луо Луаннаныг 1:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Кси Менгюд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Александр Ниценког 8:0-ээр буулган авснаар өнгөрсөн жил (Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд ялагдаж байсан) авч чадаагүй медалиа энэ удаа өөрийн болголоо.
З.Болортунгалаг 1/4 шигшээд Финландын шилдэг бөх Петра Оллиг 5:3-ээр ялсан ч БНХАУ-ын Тан Чиунд цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Буриадын Анна Щербаковаг 17:8-аар ялсан юм. Энэ жинд ОУХМ Э.Цэвэгмид шөвгийн наймд ОХУ-ын Юлья Пронцевичэд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ О.Отгонтуяаг 4:2-оор ялжээ.
Г.Зул